Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

   Өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл БНАСАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Ри Чол Гвангтай 2012-2014 оны хооронд соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд ССАЖЯ-ны удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
      Соёл, спорт, аялал жуулчлалын яам уг гэрээний 2012-2014 оны хөтөлбөрт уламжлалт соёлын харьцаагаа үргэлжлүүлэх, уламжлалт соёлын солилцоогоо идэвхжүүлэх, спортын чиглэлд хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, соёлын өвийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах, утга зохиолын салбарт байгаль судлал, утга зохиолын ном товхимолоо харилцан солилцох, 2 орны хэл дээр орчуулах зэрэг шинэ зүйлүүдийг оруулсан байна. БНАСАУ Соёлын өвийн чиглэлээр арвин их туршлагатай, үнэ цэнэтэй түнш юм. Монголоос олдсон зарим булш бунханыг тэр хэвээр нь авч үлдэх, тухайн соёлын өвийг хамгаалах тал дээр гадны орны туршлага, мэдлэг мэдээллийг ашиглан суралцах хэрэгтэй болдог. Тиймээс удахгүй соёлын өвийг хамгаалах, судлах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улс, БНАСАУ 2009-2011 оны хооронд хэрэгжүүлсэн соёлын харилцааны талаарх товч танилцуулга: 
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан “Соёл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хэд хэдэн төлөвлөгөө байгуулан ажиллаж байна. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хооронд 1986-1990 онд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөө
2. Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хооронд 2000-2002 онд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөө
3. Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хооронд 2003-2005 онд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөө
4. Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хооронд 2006-2008 онд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөө
5. Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хооронд 2009-2011 онд хамтран ажиллах соёлын солилцооны хөтөлбөр
2009-2011 онд соёлын салбарт 20 гаруй тоймтой ажил хийгдсэн.

Монгол Улс БНАСАУ-д 2 жилд нэг удаа зохиогддог “Хаврын баяр”-т ажилтай оролцож ирсэн уламжлалтай юм. 2007 оны 4 дүгээр сард зохиогдсон “Хаврын баяр”-т БСШУ-ны дэд сайд С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид 90 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, багаараа Гран-при шагнал, 9 жүжигчин алт, мөнгө, хүрэл цом, мөнгөн шагнал хүртсэн.          Хоёр орны Засгийн газрын тэтгэлгээр 2008-2009 оны хичээлийн жилд 2 оюутан харилцан суралцуулж байгаа. Манай 2 оюутан Пхеньян хотын Ким Хён Жикийн нэрэмжит багшийн дээд сургуульд солонгос хэлний анхан шатны нэг жилийн бэлтгэл хийсний дараа 2009 оны 4 дүгээр сараас Ким Ир Сений нэрэмжит их сургуульд суралцаж байна. Солонгосын тал манай оюутнуудын сургалт, байр, хоол, дотоод тээврийн зардлыг хариуцаж, сард 40 еврогийн стипенди олгож байна.
        Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Ким Ир Сен даргын манай улсад айлчилсны 20 жилийн ойн хүрээнд 2008 оны 10 дугаар сард БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны дарга Жөн Ён Жин Монгол Улсад албан ёсны айчлал хийсэн. Энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хооронд 2009-2011 онд хамтран ажиллах соёлын солилцооны хөтөлбөр”-ийг байгуулсан.
         Гадаадтай соёлоор харилцах хорооны дарга Жөн Ён Жин Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж, Монгол-Солонгосын найрамдалын нэрэмжит Нийслэлийн 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.
          Мөн айлчлалын үеэр монголын тал БНАСАУ-ын Солонгос-Монголын найрамдлын нэрэмжит “Сөнгё” дунд сургуульд компьютер, принтер бэлэглэв.
       Мөн БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын гар урлал, ном, хэвлэл мэдээллийн үзэсгэлэнг гаргаж, БНАСАУ-ын циркийн уран бүтээлчид Монгол Улсад 2008 оны 3 дугаар сард тоглолтоо хийсэн.

Сэтгэгдэл