Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монголын Үндэсний музейгээс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн гар урлалын гайхамшигт 180 бүтээлээр “МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ”  үзэсгэлэнг 2017 оны 07 дугаар сарын 6-нд нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат,  хэлтсийн дарга Г.Батхуяг нар оролцож үг хэлж нээлээ. 

Монголчуудын уламжлалт гар урлал олон зуун жилийн түүхтэй, өөрийн гэсэн уран сайхны өвөрмөц онцлогтой юм. Урчууд гоёл чимэглэл, ахуйн хэрэглээ, бурхан шашны эд зүйлсийг урлахдаа олон янзын хээ угалзаар утга төгөлдөр чимэглэн үзэмж нэмдэг. Гар урлалын бүтээл нь гоёмсог байдал, уран нарийн хийцээрээ олны хараа булааж, сэтгэл татна.

XVII-XX зууны эхэн үеийн монгол гэр, гэрийн тавилга, сав суулга, гоёл чимэглэл, дээл хувцас, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, бурхан тахил, малын тоног хэрэгсэл зэрэг урлаачийн уран сэтгэмж, чимхлүүр нарийн ажиллагааг тусгасан, Монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэр музейн цуглуулгад хадгалагдаж байна. Монгол дархчууд эмээл хазаар, хэт хутга, эрэгтэй, эмэгтэй хүний гоёл чимэглэл, сав суулга, бурхны шашны эд зүйлсийг алт, мөнгө, төмөр, зэс гуулиар үзэмж төгөлдөр урлаж ирсэн билээ. Нутаг нутгийн дархчууд өөрийн гэсэн өвөрмөц арга барил, дэг сургуультай байсан нь гар урлалын олон арван бүтээлд тусгалаа олсон байдаг байна.

 

Уг үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 2017 оны 07 дугаар сарын 06-аас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Сэтгэгдэл