Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2017 оны 11 дүгээр сарын 13-аас 18-ны өдрүүдэд ОХУ-ын Буряд улсын нийслэл Улаан-Үд хотод ОХУ-ын 2012-2018 оны “Оросын соёл” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Соёлын яам болоод Дорнод Сибирийн Улсын Соёлын дээд сургууль хамтран Евразийн орнуудын үндэсний чавхдаст хөгжимчдөд зориулсан “Байгалын цом” Олон Улсын V наадмыг зохион явуулах гэж байна.

Наадмын зорилго нь олон улсын соёлын харилцааг бэхжүүлэх, ирээдүйтэй, авьяас билигтэй хөгжимчдийг илрүүлэх, үндэсний чавхдаст хөгжмийг тоглох урлагийг хөгжүүлэх, Евразийн орнуудын үндэсний чавхдаст хөгжим  дээр тоглох уламжлал, хөгжмийн дам болоод дам бус сургалтын дэг сургуулиудыг хадгалан хамгаалж, баяжуулахад оршиж байгаа юм.

Наадамд оролцогсдыг чавхадст - нумт хөгжмийн төрөл  (хур, кырымпа, морин хур, игил, икили, бызанчи, хучир, эрху, хэгым, гиджак г.м.), чавхдаст-товшвор-цохилуур хөгжмийн төрөл  (домра, чанза, тансыр, дошпулур, тошпур, кобыз, шанз, балалайка, гусли, ятага, чадаган, чатхан, кылысах, домбра, рубаб, дутар, сэ, цинь, каягым, сыль, тэджэн, конху, цымбалы, иочин, ёочин, чанг, янгым г.м) гэсэн төрлүүдээр шалгаруулах аж.

Уг наадмын хүрээнд ОХУ-ын болон гадаад орны тэргүүлэх зэрэглэлийн их дээд сургуулийн нэртэй багш нар тусгай мастер-класс, мэргэжил дээшлүүлэх дамжаа явуулж сертификат гардуулахын зэрэгцээ нэрт урлагийн зүтгэлтнүүдтэй хийх уран бүтээлийн уулзалт, ардын чавхдаст хөгжмөөр тоглож сургах явцад гардаг хүндрэлүүдийн талаарх дугуй ширээний ярилцлага болно.

                                          

Сэтгэгдэл