Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

 

 

Жар гаруй жилийн түүхтэй, дэлхийн дүрслэх урлагийн цөм гэгддэг “100 өдрийн музей-Документа”-ийн 14 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн Грекийн Афинд дөрөвдүгээр сарын 8-нд, Германы Касселд зургадугаар сарын 10-нд нээлтээ хийлээ.

  

“Документа” үзэсгэлэн анх 1955 онд дайны дараах германы орчин үеийн соёл урлаг, уран бүтээлчдийг дэлхийд сурталчлан таниулах, нийтийн хүртээл болгох зорилгоор зохион байгуулагдаж байсан бөгөөд өнөө цагт дэлхийн орчин үеийн шилдэг уран бүтээлүүдийг нэр дор цуглуулж олон сая хүний хүртээл болгодог ашгийн бус олон улсын хэмжээний үзэсгэлэн болж өргөжсөн байна. Таван жил тутамд 100 хоногийн турш үргэлжилдэг энэхүү үзэсгэлэн нь оролцогч сонирхогчдын цар хүрээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд 14 дэх удаа Германы Кассел, Грекийн Афин хотуудад 2017 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

  

Олон улсын хэмжээнд өндөр зэрэглэл бүхий Документа үзэсгэлэнг зохион байгуулагчид Документа 14 үзэсгэлэнд Монгол Улсыг зочин орноор оролцуулж Монгол Улсын Түүх, соёлын хосгүй үнэт бүтээл Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр”,“Өвлийн ордон” уран зургийг үзэсгэлэнд дэлгэн дэлхий нийтийн хүртээл болгоод байна.

  

2017 оны энэхүү үзэсгэлэнд,үзэсгэлэнгийн ерөнхий куратор Адам Чимчикийн урилгаар олон улсын 160 гаруй уран бүтээлчид оролцож Афин хотод 47, Касселд 30 гаруй байгууламж дотор бүтээлүүд нь дэлгэгджээ. 20-р зууны эхэн үеийн манай бүтээлүүд  тухайн цаг үедээ уран зургийн шинэ техник, шийдлээрээ гайхамшигтай бөгөөд зураач хүн өөрийнхөө амьдарч буй нийгмийг дүгнэж, үнэлэн тэрийгээ уран зургаар дамжуулан илэрхийлэх талаараа дэлхийд хосгүй бүтээл гэж үнэлж байгаа юм.

            Энэхүү дэлхийд нэр хүндтэй үзэсгэлэнд Монгол Улс оролцох боломж гарч буй нь монголын орчин үеийн дүрслэх урлагийн салбарыг дэлхийд таниулах, олон улсад үнэ цэнийг нь өсгөх, уран бүтээлчдээ олон улсад таниулах төдийгүй урлаг соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

Үзэсгэлэнд одоо амьд сэрүүн бус 120 гаруй уран бүтээлчдийн 1000 гаруй бүтээл дэлхийн олон орны музейн цуглуулгаас ирж оролцож байна.

  

Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” зургууд ньгерманы алдарт уран бүтээлч Жосеф Боиз болон бусад уран бүтээлчдийн бүтээлүүдтэй зэрэгцэн Касселын Neue Galerie-д байрлаж 6-р сарын 10-аас олны хүртээл болоод байна. Таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд монгол уран бүтээл анх удаагаа оролцож байна.

Афин болон Касселд болсон нээлтийн үйл ажиллагаанд Грек улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар, түүнчлэн дэлхийн томоохон музейн захирлууд, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд, кураторууд, уран бүтээлчид болон 3000 гаруй сэтгүүлчид иржээ.

Харин Германы Кассел хотод 6-р сарын 7-9-ны хооронд зохион байгуулагдсан хаалттай үзвэр болон 10-ны өдрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Документа 14 олон улсын үзэсгэлэн Афинд дөрөвдүгээр сарын 8-наас долдугаар сарын 16 хүртэл, Касселд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх юм.

Сэтгэгдэл