Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний мэндэлсэн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөлөө. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.

Ц. Намсрайжав нь хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэж улмаар валторн хөгжмийг  эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд гавъяат жүжигчин цол хүртсэн юм.

1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангийг  төгсөн ирээд эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан түүхтэй.

Улсын Филармонийг үндэслэн байгуулагч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд гэр бүлийнхэнийх нь санаачлагаар "Онол практикийн бага хурал" 2017 оны 5 сарын 24-нд Хөгжим бүжгийн коллеж дээр амжилттай зохион байгуулагдсан байна.

Хурлыг хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг хөтлөн, хурал-арга хэмжээг нээж МУУГЗ Чулууны Чинбат /нэрт удирдаач АЖ Чулууны хүү, Ц.Намсрайжавын хүү удирдаач МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаярын дотны нөхөр/, Улсын Филармонийн дарга МУУГЗ Ч.Даваасүрэн, Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, ХБК-ын захирал доктор Сарангэрэл нар үг хэлж нээлээ.

Хуралд:

- Хөгжмийн зохиолч, судлаач шүүмжлэгч Ардын жүжигчин П.Хаянхярваа /үндсэн илтгэл/
-Хөгжим судлаач шүүмжлэгч С.Энхбулаг /Ц.Намсрайжавын киноны хөгжим/
-Хөгжим судлаач Х.Ариунаа /Ц.Намсрайжавын хүүхдэд зориулсан бүтээлүүд, Хувдай ишигний паян зохиолын тухай/
-Хөгжим судлаач Ч.Энхбат /Ц.Намсрайжавын симфони бүтээлүүд/
-Хөгжим судлаач Б.Эрдэнэ-Оюун /Ц.Намсрайжавын үндэслэн байгуулсан Улсын Филармонийн өнөөгийн хөгжил, цаашдын зорилт/  сэдвүүдээр илтгэл тавьж, Ардын жүжигчин Б.Зангад /Ц.Намсрайжавын дотны нөхөр/, Намсрайжавын Лувсанжав /Хууль зүйн сайд болон Сонгуулын ерөнхий хорооны дарга асан, түүний хүү/ нар дурсамж өгүүлсэн юм.

Төгсгөлд нь нэрт удирдаачийг хүндэтгэн ХБК-ын найрал дуу болон сонгодог хөгжмийн ангийн оюутнууд түүний зохиосон, зууны манлай "Халуун элгэн нутаг” дууг бүх оролцогчид дуулж арга хэмжээ өндөрлөлөө. Дашрамд дурдахад, энэ жил Симфони найрал хөгжмийн 60, Ц.Намсрайжавын мэндэлсний 90, Морин хуурын чуулгын 25 жилийн ой давхар тохиож байгаа бөгөөд ирэх есдүгээр сард Улсын Филармонийн 45 жилийн ой мөн болох юм.

Сэтгэгдэл