Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл ажлаа авсанаасаа хойш харъяа хэд хэдэн байгууллагуудынхаа үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаад байгаа. Харин өчигдөр Зүүн хүрээ Дашчойлин болон Данбадаржайлин хийдүүдээр зочилон Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, даамал лам Н.Батсайхан, Данбадаржайлин хийдийн удирдах зөвлөлийн дарга О.Батчулуун, удирдах зөвлөлийн гишүүн Да лам Л.Өлзийхутаг болон бусад лам хуврагийг хүлээн авч уулзан санал хүсэлт, үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа.

         Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хурал номын үйл ажиллагаа явуулж буй дуганууд нь эртний нийслэл их хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байсан Зүүн хүрээ 30 аймгийн Вангай болон Эрхэмийн 5 аймгуудын хуучин дуганууд юм.
        1939 он хүртэл Хүрээ 30 аймгуудад Монголын өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэд, лам хуврагууд хуран чуулж шашин соёлын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байжээ. Харин их хэлмэгдүүлэлтийн үед тэдгээр Хүрээ 30 аймгийн үйл ажиллагаа бүрэн хаагдаж, дуган сүмүүд нь бүрэн сүйтгэгдсэнээс зөвхөн Вангай, Эрхэм, Эх дагины аймгуудын дуганууд үлдэж, улмаар агуулах, цирк, бусад зориулалтаар ашиглах болжээ. 

        

Харин 1990 оноос их ламтан Ч.Дамбажавын санаачлага, эрдэмтэн лам, сүсэгтэн олны дэмжлэгээр хуучны хүрээ 30 аймгийн буурийг сахиж үлдсэн Вангай, Эрхэмийн аймгуудын дугануудад түшиглэн Зүүн хүрээ Дашчойлин хийдийг байгуулжээ. Одоо Зүүн хүрээ Дашчойлин хийд 100 гаруй лам хуврага, 20 гаруй ажилтантай, дэргэдээ шашны коллежтой, үнэ тогтоогоогүй иргэд сүсэг бишрэлээрээ төлбөр төлж хурал ном уншуулдаг, лам нартаа хамгийн өндөр цалин өгдөг, жилд давхардсан тоогоор 10 сая хүн ирдэг хийд болсон гэж байна.
       Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хувьд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд танилцуулсан гол асуудал нь:Одоо циркийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа Дондог Дулам хатны байгуулсан зуны өргөө болох Эх дагины аймгийн дуганыг зориулалтаар ашиглах хүсэлтэй гэнэ.
       Харин өнгөрсөн 7 хоногт сайд хуучин циркийн барилгатай танилцаад хүүхэд хичээллэхэд хүнд, сэргээн засварлахад хүндхэн болж хэмээн дүгнэж байсан бол Дашчойлин хийдийнхэн түүнийг сэргээн засах боломжтой, чадна хэмээсэн юм.

   

Үүний хариуд Ц.Оюунгэрэл сайд: Бид циркийн урлаг, соёлын өвөө аль альнийг нь авч үлдэх ёстой. Бидний өмнө олон сонголт байгаа учраас олон нийтийн дунд энэ талаар санал асуулга, хэлэлцүүлэг явуулая гэв
Данбадаржайлин хийдийн хувьд : 
     Уг хийдийн тэргүүн нас өндөр болсон учир дархлагдсан бөгөөд түүний тамгыг үр хүүхдүүд нь эзэмшиж байгаа юм байна. Тиймээс 15-20 жил уг хийдэд ажиллаж байгаа 6 хүний бүрэлдэхүүнтэй хамба ламын төлөөлөн удирдах зөвлөл байгуулжээ. Нийт 25 лам хуврагтай, өдөр бүр уншлага хийдэг юм байна. Улаанбаатар хотын хамгийн анхны хийд бөгөөд 2015 онд 250 жилийн ой нь тохиох гэнэ.Түүх соёлын дурсгалт газрын хувьд Монгол улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтанд 1974 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор нийслэлийн өмчид хамаарч байна.
Тус хийдийн хамт олон хийдээ орчин үеийн байдлаар сэргээн засварлаж, аялал жуулчлалын цогцолбор болох хүсэлтийн хариуд Ц.Оюунгэрэл сайд: Орчин үеийн хэв загвараар бус одоо байгаа хашаа дугануудаа хуучин хэвээр нь соёлын өвийн дурсгалт зүйлсээр нь аялал жуулчлалын цогцолбор болгоход хамтарч ажиллахад бэлэн гэсэн юм.

Сэтгэгдэл