Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Ном хэвлэлийн хамтын ажиллагааны "Нахиа" хөтөлбөр хэрэгжиж байна.

Монгол, Хятадын ном хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны "Нахиа" хөтөлбөрийн“Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол 05- р сарын 26 -ны өдрийн 11.00 цагт Монголын Хүүхдийн номын санд боллоо.

Энэхүү арга хэмжээг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Хүүхдийн номын сан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сонин мэдээ ном хэвлэл, радио, телевиз товчоо, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хэвлэлийн групп, Өвөрмонголын багачууд, хүүхдийн хэвлэлийн хороо зэрэг газрууд хамтран зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сонин мэдээ, ном хэвлэл, радио, телевиз товчооны дарга Жан Бо Янь,  Зохиолчдын эвлэлийн хороо, Хүүхдийн зохиолчдын зөвлөл,   номын сангуудын төлөөлөл, эрдэмтэн зохиолчид, сэтгүүлч сурвалжлагчид болон сурагч хүүхэд нийт 300 гаруй хүн оролцов.

БСШУС-ийн сайд Ж. Батсуурь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, , БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сонин мэдээ, ном хэвлэл, радио, телевиз товчооны дарга Жан Бо Янь, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар баяр хүргэж, үг хэллээ.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сонин мэдээ, ном хэвлэл, радио, телевиз товчооны дарга Жан Бо Янь нар Монгол, Хятадын ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай“Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.“Нахиа” хөтөлбөр нь 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, харилцан солилцох, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулах  юм.

Энэ жил “Нахиа” хөтөлбөрийн хүрээнд Хятадын талаас Монголын талд Дорно дахины шилдэг үлгэрүүд болон Дэлхийн сонгодог үлгэрүүд болох нийт 1400 иж бүрдэл, 56 мянган ширхэг, 1 сая юанийн үнэ бүхий хүүхдийн номыг нийтийн болон сургуулийн номын сангуудад бэлэглэлээ.Мөн Монгол-Хятадын хүүхдийн уран бүтээлчдийн “Утга зохиол-соёлын гүүр” сэдэвт уулзалт, ярилцлага болж, хүүхдийн зохиолчид харилцан туршлага солилцож, санал бодлоо хуваалцлаа.

Сэтгэгдэл