Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Польшийн алдарт найруулагч Кжиштоф Зануссигийн /Krzysztof Zanussi/ кино өдрүүд 2017 оны 05-р сарын 08-11 өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Дэлхийд өөрийн уран бүтээлийн өнгө төрхөөр ялгарч алдарт хүрсэн энэхүү найруулагчийн “Гадны биет”/2014/ бүтээл өчигдөр ICinema кино театрт үзэгчид болон Монголын киноны уран бүтээлчид, сонирхогчдын хүртээл боллоо. Дэлхийн шилдэг найруулагч К.Занусси 1939 онд Варшав хотод мэндэлсэн. Кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсерын мэргэжилтэй бөгөөд 1959 онд – Ягеллоны Их Сургуулийн Физикийн Тэнхим, 1967 – Лодзь хотын Киноны Дээд Сургуулиудийг төгсжээ.

1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирлаар ажиллаж байгаа тэрээр Лодзь хотын Киноны Дээд Сургууль, Их Британы National Film School, Columbian University, Yale University, University of California Berkeley, Cambridge, Rice University (Houston), Uniwersytet Notre Dame w Indianie – USA, Москвагийн Кино Сургуулиудад багшилж байсан юм.

10 гаран орнуудын 12 орчим сургуулийн хүндэт Профессор цолтой.

Канн, Венец, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго  зэрэг хотуудын кино наадмуудын шагналт.

10 гаран орнуудад бичсэн номнууд нь хэвлэгдэж байсан.

1969 онд Болорын бүтэц уран сайхны кино хийж уран бүтээлээ эхэлсэн. Өдгөө нийтдээ 11 телевизийн кино, 27 уран сайхны кино, мөн тооны жүжиг дуурь найруулаад байна.

Итали, Украин, Орос, Франц зэрэг орнуудын хүндэт медаль шагналуудын эзэн.

Европын Кино Академийн Удирдах Зөвлөлийн Гишүүн юм.

Кино өдрүүдэд тавигдаж үзэгч олонд хүрэх түүний бүтээлүүд:

Гадны биет

Foreign body 2014

Залуу итали эр Ангело, польш бүсгүй Каша хоёр хайр дурлал, итгэл үнэмшлээрээ холбогдсон хос. Гэвч бүсгүй эх нутагтаа харьж, католик сургуульд орон гэлэнмаа болохоор шийднэ. Ангело ч бууж өгөлгүй бүсгүйг ятгахаар Польш руу араас нь очно. Энэ зуур залуу олон улсын корпорацид ажилд орох бөгөөд дарга эмэгтэй нь санаснаа авах гэж адгагч, амилсан чөтгөр ч гэмээн нэгэн байх аж. Ангело харин энэ ариун нандин хийгээд адал муухайн дунд хаачих бол?

Уг бүтээлдээ найруулагч Занусси орчин үеийн капитализм хийгээд Польшийн уламжлалт соёлын хагаралдааныг харуулсан ч гэж үздэг билээ.

Амиа аврах арга

Camouflage 1977

Хэл шинжлэлийн хэсэг оюутан зуны амралтаа сургуулийнхаа хотхонд өнгөрөөнө. Либерал үзэлтэй залуу профессор Ярослав оюутнуудтайгаа шударга шулуун чөлөөтэй харьцдаг бол Якуб хүмүүсийг удирдаж, хараа хяналтандаа байлгахыг эрмэлздэг. Якуб бол үнэн зорилгоо нууж, хоёр нүүр гаргагч басхүү олныг өөртөө татах онцгой авьяастай орчин цагийн Макиавелли ч гэмээр нэгэн. Тэрээр Ярославыг академик хүрээлэл төдийгүй хүний ёс суртахуун, мөн хайр дурлалын чин үнэнд ч итгэх итгэлийг нь нураахыг хичээх аж. Сургуулийн илтгэлийн тэмцээнд улиг болсон үзэл бодлыг шүүмжилсэн илтгэл бус хэр барагтайхан илтгэл тавьсан оюутанд шагналыг олгосноор зөрчил оргилдоо хүрнэ.

Энэхүү бүтээлдээ найруулагч Занусси Польшийн дүр эсгэсэн сэхээтнүүдийг хоржоонтойгоор харуулжээ.

Персона нон грата

Persona non grata2005

Дипломат ёсонд гадаад улсын дипломат бүрэлдэхүүний аль нэг гишүүн хүлээн авагч улсын аюулгүй байдалд аюул занал учруулж мэднэ хэмээн үзсэн бол засгийн газраас тухайн хүнийг "Персона нон грата" буюу "үл бүтэх этгээд" хэмээн зарлаж улсаасаа албадан гаргах, эсвэл улсдаа нэвтэрч орохыг хориглох явдал байдаг.

Кинонд Уругвайд суух Польшийн элчин сайд эхнэрээ алдсанаас хойш амьдрал нь сүйрч буй тухай өгүүлжээ. Тэрбээр гэртээ харьж ирээд эхнэрийнхээ оршуулган дээр хуучны анд орос найзтайгаа таардаг. Гэтэл мань эр эхнэртэй нь янаг амрагийн холбоотой байсан ч байж мэдэх сэжим гарч ирнэ. Кино дипломатч хүний амьдрал, хайр дурлал, нөхөрлөл, хардалтыг харуулсан боловч нухацтайхан ажиглавал Польш улс болон өөрчлөн байгуулалтын дараах Орос улсын харилцаа, үнэн алдартны шашин хийгээд католик шашны ялгааг өгүүлэх аж.

Бидний бурхны дүү

Our God's Brother 1997

19-р зууны Польшийн зураач Алберт Чмиловски амь амьдралаа гэр оронгүй иргэдийг асарч хамгаалахад зориулахаар сэтгэл шулуудсан тухай бодит түүхийг кинонд өгүүлнэ. Түүний гэгээн дурсгалд зориулан Пап лам Жон Пол II-ын бичсэн тайзны жүжгийг дэлгэцнээ амилуулсан нь энэ билээ.

Пап ламын жинхэнэ нэр нь Кароль Иозеф Войтыла бөгөөд зохиол бичих авъяастай байсан ч киноны гол дүр Албертын нэгэн адил буяны үйлс, хүмүүсийн сайн сайхны төлөө амьдралаа зориулах болсноор бичиж туурвих ажлаа орхисон байдаг.

Амийг амиар

Life for a Life 1991

Уг киног дэлхийн хоёрдугаар дайны үед Аушвицын хорих лагерьт Максимилиан Колбэ хэмээх католик санваартан эр үл таних хүний оронд сайн дураараа амиа зольсон тухай бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

Ян хэмээх эр хорих лагериас оргосны хариуд арван хүнийг санамсаргүй байдлаар сонгож турааж алах ял онооно. Максимилиан Колбэ харин ялд унасан нэгнийх нь оронд сайн дураараа амиа өгье хэмээжээ. Үүнийг дуулсан Ян хань хамаагүй хүний төлөө яагаад амиа золих шийдвэр гаргасны учрыг ухахаар хичээж эхлэх аж.

Эдгээр кинонууд Польшийн кино өдрийн хүрээнд үзэгч олонд хүрч байна. Мөн Дэлхийн шилдэг найруулагч К.Занусси Монголын уран бүтээлчидтэй уулзаж санал бодлоо солилцож байгаа юм.

Сэтгэгдэл