Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны Монголын бичиг үсгийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гаригийг "Үндэсний бичиг соёлын өдөр” хэмээн тунхагласан. Энэ удаагийн үндэсний бичиг үсгийн баярыг "Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим, "Бичиг соёл” боловсролын төв, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын Зохиолчдын Эвлэл болон их дээд сургууль, соёлын байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Баярын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 5 дугаар сарын 5-ны өдөр 11.00 цагт Үндэсний номын сангийн гадна талбайд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Шинжлэх Ухааны доктор, профессор Ш.Чоймаа, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг нар хүрэлцэн ирж  үг хэлж шагнал гардуулав.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь арга хэмжээг  нээж хэлсэн үгэндээ: Үндэсний Монгол бичгээ сэргээн хэрэглэх, төрийн бодлогын хэрэгжилтыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан. Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Монгол хэлний хуулийг батламжлан улс орон даяар мөрдөж эхэлсэн билээ. Монгол хэлний хуулинд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх заалт, хөтөлбөр батлах, Монгол бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 2025 он гэхэд хос бичигтэн болоход бэлтгэл хангах тухай нарийвчлан заасны дагуу бид энэхүү ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хүн төрөлхтний соёлын өвийг бүртгэн баримтжуулдаг ЮНЕСКО-д Монгол бийрийн бичлэгийг бүртгэн батламжилсан билээ. Монголчууд бидний эх хэлээ эзэмшиж, хамгаалах, хөгжүүлэх эрхийг төрөөс хуульчилсан, Монгол бичиг үсэг улам бүр бадран хөгжих болтугай гэж хэлснээр тус арга хэмжээг нээлээ.

Тус арга хэмжээний хүрээнд "Монгол бичгийн Ганжуур, Данжуур их хөлгөн судaр”-ыг залах ёслол, "Монгол барын өв соёл”, "Нүүдэлчин Монголчуудын бичиг үсгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэн, "Уран үгсийн чуулган” уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага тус тус боллоо.

Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор энэхүү бичиг үсгийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Сэтгэгдэл