Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, багш, судлаач, эрдэмтэд шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, хэлэлцэх, шилдэг илтгэлийг нийтийн хүртээл болгох зорилгоор “Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын  баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээ–онол практикийн бага хурал өнөөдөр буюу 2017 оны 05-р сарын 04-ний өдөр 14:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг нээж үг хэллээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц.Батдорж “Бичиг үсгийн талаарх Монгол төрийн бодлого”; тус хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D) С.Энхжаргал “Кирилл бичгийн зөв бичих дүрмийн асуудалд”; Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор (Ph.D), дэд профессор С.Батхишиг “Монгол Солонгос бичиг үсгийн харилцаа холбоо”; Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Ш.Баттөгс “Монгол хэлний НОХОЙ хэмээх үгийн утга, соёлын судалгаа”; Монгол бичгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг “Эх бичиг ба уламжлал”; Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Түүх, өв уламжлалын албаны сэтгүүлч Ч.Батбаяр “Үндэсний хэл бичиг, соёлын нэвтрүүлгүүдэд хийсэн дүн шинжилгээ”; Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Лу.Соёмбо “Монгол бичиг бол Монгол үндэстний өв мөн”; тус сургуулийн 3-р дамжааны оюутан А.Дэмбэрэлсүрэн “Монгол бичгийн хэрэглээ – Өнөөгийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Хурлын төгсгөлд нийт оролцогчид илтгэлтэй холбоотой санал бодлоо солилцсоноос гадна үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлэх, монгол бичиг үнэгүй заадаг төвтэй болох, эртний монгол үгийн нэр томьёо тайлбар хийсэн нэвтрүүлэг хийх, хамтран ажиллах гэх мэт санал санаачлага гаргасан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

 

Сэтгэгдэл