Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 сарын эхний 7 хоногийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байна.

Эл баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-ны Соёл, Урлагийн бодлогын газар, ЗГХА Соёл, урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран Монголын өнөө цагийн нэрт ахмад эрдэмтдийн хөрөг зураг, бүтээлийн “Бичгийн мэргэд”-цуврал үзэсгэлэнг 2017 оны 5 дугаар сарын 2-ний өдөр Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Улс орон даяар үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэн, монгол бичгийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, ерөнхийлөгчийн зарлигт чухал ач холбогдол өгч байгаа нь талархууштай юм. Бид нэгдсэн зөв бичих дүрмийн тольтой байх, монгол хэлний цахим үгийн сангийн баазыг буй болгох, цахим хэл шинжлэлийг хөгжүүлэхэд чармайн ажиллаж байна. 2025 онд бид хос бичигтэй болно. Тиймээс монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд БСШУЯ болон холбогдох бусад байгууллагууд нягт хамтран ажиллах хэрэгтэй” хэмээв.

Уг арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг мөн эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгч нар оролцсон юм.

Бичгийн мэргэд үзэсгэлэнд:

Шинжлэх Ухааны доктор, профессор, Академич Далантайн Цэрэнсодном

Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Академич Домийн Төмөртогоо

Шинжлэх Ухааны доктор, профессор, Академич Лувсандоржийн Болд

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян

Шинэлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам

Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн Шинжлэх ухааны доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн

Шинжлэх Ухааны доктор, профессор Жамсранжавын Санжаа, Шаравын Чоймоо, Ж. Цолоо, Балдандоржийн Сумьяабаатар нар уригдан оролцож оюуны ундарга болсон бүтээлүүдээ үзэгч олон, залуу үеийнхэндээ танилцууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн эрдэмтэд, докторуудын түүх, алтан үеийг харуулсан фото зургууд, таталган бичиг, туурвисан ховор нандин ном бүтээлүүдийг дэлгэн харуулснаараа онцлог байлаа.

Эл үзэсгэлэнгээр дамжуулан залуу судлаач сонирхогчдод судалгааны чиг баримжаа олгох, эрдэм судлалын ажлын үйл явцад шимтэх, эрдэмтдийн бүтээлтэй танилцах сайхан завшаан болж байна. "Бичгийн мэргэд" үзэсгэлэн маань цаашид цувралаар зохиогдож Монголын сор болсон олон олон эрдэмтэд, доктор, мэргэдийн бүтээл, туурвилыг олон түмэндээ хүргэх юм.

Сэтгэгдэл