Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан.

Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр юм. Иймээс ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм. Энэ өдөр Испани улсад зохиолч М.Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна.

ЮНЕСКО-гоос тогтоосон дэлхийн номын өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ өдөр Их Британи болон Ирландад 90 гаруй жилийн өмнөөс Saint George-ийн өдрөөр хайртай нэгэндээ ном болон сарнай цэцэг бэлэглэдэг уламжлалаас үүсэлтэй билээ.

Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхлын бүлгийнхэн хамтран ажиллах, ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм.

Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан “Хамтдаа уншицгаая, хамтдаа хөгжицгөөе” уриан дор “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг, арга хэмжээг "Нобелийн шагналтнууд" хүүхдийн номын сан, Гэр бүлийн радио "Цэцгийн хатан" нэвтрүүлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, АПУ ХХК, , Хаан милк ХХК хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 04-р сарын 15-нд амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат оролцож, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд “Дэлхийн номын баяр”-ын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Уг өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд бага насанд нь номтой хэрхэн зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах, ном унших дадал хэвшил бий болгох сургалт, зөвлөмжүүд болон хүүхдийн номын худалдаа, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагааг явуулсан юм.

Сэтгэгдэл