Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан тус холбооны даргаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийн амьдралын замналыг харуулсан цуврал үзэсгэлэнг “Удмаа дээдлэе” ТББ, Монголын Театрын музейтэй хамтран гаргаж байна. Эхний үзэсгэлэн нь Д.Пагамдуламын тухай байсан ба энэ нь төлөвлөсөн 2 дахь үзэсгэлэн юм.

Нэмэндэйн Янжмаа Сэцэнхан аймгийн Ёст бэйсийн хошууны албат Дондооны Нэмэндэйн охин болж 1894 онд одоогийн Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 1921 онд МХЗЭ, 1922 онд МАХН-ын гишүүнд элсэж, нам улс төрийн амьдралд идэвхитэй оролцож байсан нь жанжин Сүхбаатартай амьдралаа холбож,  хамтран зүтгэсэнтэй холбоотой юм.

Н.Янжмаа 1927 оны 10 дугаар сар хүртэл Намын төв хороонд Эмэгтэйчүүдийн хэлтсийн даргын албыг бусад хэд хэдэн сонгуульт албан тушаалын хамт хашиж байжээ. Дараа нь 1933 оны 10 дугаар сараас 1939 оны 03 дугаар сар хүртэл төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, 1940 оны 03 дугаар сараас 1941 оны 09 дүгээр сар хүртэл Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга, Дэлхийн 02 дугаар дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армид фронтод явуулах Бэлэглэлийн төв комиссын даргаар, улмаар 1943 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан төв хорооны бүгд хурлаас Эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оны 02 дугаар сард хуралдсан Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн 02 дугаар их хурлаас Эмэгтэйчүүдийн Төв Зөвлөлийн даргаар сонгогджээ.

Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн 02 дугаар их хурал /1947 он/ “Эмэгтэйчүүдэд мэргэжил олгох, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн идэвхийг өрнүүлэхэд эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийн гүйцэтгэх үүргийн тухай” илтгэлийг хэлэлцэж, улсын төлөвлөгөөг биелүүлэхэд эмэгтэйчүүдийг идэвхитэй оролцуулах, эхний 3 жилд эмэгтэйчүүдийн 70-аас доошгүй хувийг бичиг үсэгт сургах зорилт дэвшүүлжээ. Тус хурлаас монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг их хурлын чөлөө цагт удирдах байгууллагыг байгуулан Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн Төв зөвлөл хэмээн нэрлэж,  тус зөвлөлийн Тэргүүлэгчдийн даргаар Н.Янжмааг сонгож баталжээ.

Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон улсад таниулах, хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулж, 1946 онд Москва хотноо болсон Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд эрдэмтэн зохиолч Э. Оюуны хамт оролцож, 1947 онд Прага хотод хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хуралд илтгэл тавьж байжээ. Улмаар 1948 оны 06 дугаар сард Париж хотноо зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд уран хатгамал нэхмэлийн бүтээл тавьж, өөрийн орны эмэгтэйчүүдийн ажил үйлсийг сурталчилсан байдаг.

Үзэсгэлэнд түүний амьдралын замналыг харуулсан 70-аад түүхэн гэрэл зураг, ном хэвлэл, бусад холбогдох матерталыг дэлгэн үзүүлсэн.

Үзэсгэлэнгийн нээлтийн гэрэл зураг 

Сэтгэгдэл