Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Мянга мянган жилийн уламжлалтай нүүдэлчдийн гайхамшигт өв соёлтой биднийг танилцах, эх түүхээрээ бахархах боломжийг олгодог цөөн газрын нэг бол музей юм. Музей нь соёлын өвийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлан таниулах, соёлыг түгээх үүрэг хүлээдэг. Монголын Үндэсний музей өдгөө 56 000 гаруй үзмэр цуглуулгатай, монголын тэргүүлэх музей болж өргөжжээ. Жил бүр өөрийн сан хөмрөг, цуглуулгыг баяжуулах тодорхой бодлого боловсруулж, түүндээ хүрэх зорилт тавин ажилладаг.

Тус музейн археологичид хээрийн хайгуул, малтлагын явцад сан хөмрөгөө ховор сонин олдвороор баяжуулахаас гадна Монголын эртний түүх, археологийн судалгаанд урд өмнө илэрч байгаагүй шинэ баримт хэрэглэгдэхүүнийг бүрдүүлж, шинэ мэдлэг, мэдээллийг бий болгож байна.

 Монголын Үндэсний музейн судлаачид сүүлийн гурван жилийн хугацаанд сан хөмрөгөө баяжуулан, 30 гаруй үзэсгэлэнг амжилттай зохион байгуулснаас гадна тэдгээр үзмэр, хэрэглэгдэхүүнийг судлан шинжилж, эрдэм шинжилгээ, сурталчилгааны бүтээл 30 орчмыг туурвижээ.

2014-2016 онд явуулсан археологийн үндэсний болоод олон улсын хамтарсан судалгааны үр дүнд олон зуун ховор эд өлгийн зүйлийг нээн илрүүлэхийн зэрэгцээ түүх, угсаатны зүйн үзмэрийг худалдан авч сан хөмрөгөө баяжуулжээ. Түүнчлэн эх түүх, өв соёлоо дээдлэгч ард иргэд, байгууллагын бэлэг хандиваар цуглуулгаа арвижуулсаар байгааг дурдахад нэн таатай байна. Өнөөдөр тус музейд “Шинэ үзмэрийн дээжис IV”үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга Г.Эрдэнэбат үг хэлж нээв.

Үзэсгэлэн 2017 оны 2-р сарын 15-аас 3-р сарын 15-ыг  хүртэл үрэлжилнэ.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн зарим нэг үзмэрийн тухай танилцуулж байна.

 

ЮАНЫ ЦААСАН МӨНГӨ

Цаас

1287 он

Урт 28 см, өргөн 23.5 см

Цаасан мөнгийг Хубилай хааны зарлигаар Юань улсад гүйлгээнд хэрэглэж эхэлсэн. Түүний хаанчлалын оны цолоор Жи Юань (1264-1294 он) хэмээн  нэрлэжээ.

Модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулсан цаасан дээр барласан энэ мөнгө нь Юань улсын мөнгөн тэмдэгтийн дотроос хамгийн өндөр нэрлэсэн үнэтэй бөгөөд “1күан” буюу “1хэлхээ” хэмээн нэрлэгдэнэ. Хэлхээ гэдэг нь 100 ширхэг зоосон мөнгөний хэлхээг хэлэх ба цаасан мөнгөн дээрх 1хэлхээ нь 100 ширхэг зоостой тэнцэх үнэлгээтэй гэсэн утгыг агуулна.

Мөнгөн тэмдэгт дээрх дийлэнх бичээсийг хятад ханзаар бичсэн. Тэмдэгтийн гол хэсгийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” гэсэн үгийг дөрвөлжин бичгээр бичиж их хааны сангийн тамга даржээ.

Тэмдэгтийн доод хэсэгт “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазын ялтай. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнийг мөнгөөр шагнана. Энэхүү цаасан мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй бөгөөд бүх орон нутагт хугацаагүй гүйнэ” гэсэн утга бүхий хятад бичээстэй.

Уг цаасан мөнгийг 2016 онд иргэн О.Отгонбаатараас худалдан авсан байна.

Сэтгэгдэл