Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 11.40 цагаас Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даягаас Ганжуур, данжуурыг тольдохуй”  арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо, "Цогт цагийн хүрдэн" соёлын төв байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн "ДэлхийнДурсамж" хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэсэн"Мэргэд гарахын орон"-ы модон барыг сурталчлах,  батламжийг хүндэтгэн залах үйл ажиллагаа, мөн "Цогт цагийн хүрдэн" соёлын төв байгууллагын хэрэгжүүлж буй “Ганжуур, Данжуурын их цомирлогийн кирилл бичигт буулгах нь” төслийн  танилцуулга, “Монгол барын соёл ба Мэргэд гарахын орон”, Ганжуур, Данжуур их хөлгөн судрын болон кирилл бичигт буулгасан номын үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд толилууллаа.

"Монгол барын соёл ба Мэргэд гарахын орон" үзэсгэлэнд 30 гаруй төрлийн модон барын үзмэрийг дэлгэн үзүүллээ. Мөн монголчуудын  номын бар нь урт удаан хугацаагаар хадгалж болдог, эдэлгээ даадаг, цаас бэхний бололцоо байвал номыг дахин дахин хэвлэж болдог ач холбогдолтой баримтат өв гэдгийг харуулсан“Монгол барын соёл ба Мэргэд гарахын орон” видео танилцуулгыг сонирхууллаа.

Уг арга хэмжээ нь “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” бол ердийн нэг орчуулгын толь биш,  дэлхийн оюуны хосгүй үнэт бүтээл болсон  Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг  орчуулж, нэр томьёог журамлахад  онцгой үүрэг гүйцэтгэсэн баримтат өв төдийгүй монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан бүтээл гэдгийг олон нийтэд танилцуулсан танин мэдэхүйн ач холбогдолтой ажил боллоо.

Мөн “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв, ШУА, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, МУИС, Үндэсний номын сан зэрэг эрдэм шинжилгээ, боловсролын салбарын төлөөллөөс бүрдсэн Эрдмийн зөвлөл хамтран монгол түмний оюуны давтагдашгүй их өвийг уламжлан авч улам хөгжүүлэх, нийтээрээ үзэж судлах зорилгоор Ганжуур, Данжуурыг орчин цагийн кирилл бичигт буулгах төслийг танилцуулах ажлыг хамтад нь зохион байгуулсан юм.

Монголчууд Ганжуур, Данжуурыг кирилл бичигт орчуулснаар монгол өв соёл, бичиг үсгийн дархлааг бий болгох, уламжлалт өв соёл, эрдэм ухааныг дээдлэн, өргөн олонд таниулахад чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй хүн төрөлхтөний соёлын их өв санд монгол түмний оруулж буй оюуны үнэт хөрөнгө оруулалт болох юм.

Сэтгэгдэл