Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оны өмнөхөн “Триннозавр Батаар ганцаараа биш, олуулаа эх орондоо ирнэ” гэж мэдээлсэн. Триннозавр Батаарыг АНУ-ын хилээр хууль бусаар оруулж, дуудлага худалдаанд оруулахыг завдсан Эрик Прокопи мөрдөн байцаалтын явцад Монголоос гаралтай өөр таван үлэг гүрвэлийн ховор олдвор байгааг мэдүүлсэн гэнэ. Тодруулбал, нэг Триннозавр, хоёр Сауролофус, хоёр Овираптор нэртэй үлэг гүрвэлийн яс нэмэгдсэнээр Триннозавр Батаар зургуулаа эх орондоо ирэх нь. Тиймээс Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй эдгээр ховор олдворыг хэзээ Монголд авчирах, цаашид палеонтологийн олдвороо хэрхэн  хамгаалж, хадгалах талаар салбарын яам нь ямар ажил хийхээр төлөвлөсөн тухай ярилцлаа.    
     
-Ерөнхийлөгч шинэ жи­лийн өмнөхөн “Монгол­чууд дэлхийгээр нэр нь түг­­­сэн үзмэртэй боллоо. Сүх­баатарын талбайн урд та­лын цементлээгүй хэсэгт түр зуурын үзмэрийн бай­шин ба­риад жуулчдад үзүүлье. Ин­гэснээр Мон­голд ирэх жуулчдын тоо нэ­мэгдэнэ” гэж ярьсан. Сал­барын яам Ерөн­хийлөгчийн энэ­хүү саналыг ажил хэрэг бол­­гоход хэрхэн анхаарч байна вэ?   
-Манай яаманд гурван ажлын хэсэг гарсан байгаа. Эхний ээлжинд Америкаас авч­рах “Т батаар”-уудыг зуны аялал жуулчлалын сезон эхлэ­хээс өмнө байрлуулах түр музей байгуулна. Үүнийг хариу­­цах ажлын хэсэг бай­гуулсан. Яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажиллаж байна. Тэд нийслэлийнхэнтэй уулзаж газрын зөвшөөрөл авах, түр барилга байгууламж барих компаниа шалгаруулах, зураг төсөл гаргах ажлаа хийж эхэлсэн байгаа. Мөн түр музей байгуулахад зарцуулах хөрөнгө мөнгө гаргуулах тогтоол, шийдвэрийн төсөл бэлтгэх ажил хийж байна. Цаашид манай улсад палеонтологийн хэд хэдэн музей байгуулах шаардлагатай байгаа.

-Тухайлбал, хаана бай­­гуулах вэ. Төв айм­гийн Сэргэлэн суманд палеон­тологийн музей барих тухай сураг дуулдсан? 
-Үлэмж биетний өргөө гэсэн палеонтологийн томоохон музей байгуулъя гэж байгаа юм. Тиймээс газар олгооч гэж Төв аймгийн Сэргэлэн сумын шинээр сонгогдсон Засаг даргад бичиг явуулсан. Газрын асуудал шийдэгдчихвэл музей байгуулах, зураг төсөл зохиох ажлаа эхлүүлнэ. Зураг төсөл зохиох, газрын зөвшөөрөл хөөцөлдөх ажлын хэсгийг дэд сайд ахалж байна. Монгол Улсад палеон­толо­гийн үн­дэс­­­­­ний томоохон парк хэрэг­тэй байгаа. Энэ паркийг Дунд­говь аймагт байгуулъя гэж удирдлагууд нь манай яаманд хандсан. Ялангуяа, энэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү энэ ажилд идэвх, санаачилгатай оролцож байна. Газрын зөвшөөрөл авах, зураг төсөл гаргах баг бүр­дүүлэх гэж байгаа. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ, Баярсайхан нартай үлэг гүр­вэл судалдаг судлаачид, шинж­­­лэх ухааны нээлт хий­сэн эрдэмтдийн музейг Өмнө­говьд байгуулья гэж ярилц­сан. Судлаачдын түү­хээр дам­жуулж, шинжлэх ухаанд хүмүүсийг дуртай бол­гох, нутгийн эрдэс баялгийг орон нутагт нь үнэлж мэддэг болгох ажилд хувь нэмэр оруулъя гэж ярьж байгаа. Орон нутгаас Төв, Дундговь аймгийн удирд­лагууд музей, паркаа манайд байгуулж, яамны бодлогоо хэрэг­жүүлээч гэж хандсан байгаа.

-Ер нь, манайд палеонто­логийн олдвороо тоолсон тохиолдол бий болов уу?
-Өмнө нь, манайд палеон­тологийн олдворын музей байгуулж байгаагүй юм билээ. Маш олон палеонтологийн олдвор олддог ч тэр нь музейд ордоггүй. Тиймээс музейн тооллогод хамрагдаж байгаагүй юм билээ. Энэ бол дэндүү харамсалтай асуудал. Тийм учраас л бид яаралтай палеонтологийн музейтэй болох хэрэгтэй байна. Палеон­тологийн үзмэрийн нэг онцлог бол музейн үзмэр мөртлөө судалгааны объект байх ёстой. Тиймээс тухайн үзмэрийг суд­лах нөхцөл бололцоо хангасан тийм  музей байгуулахыг зорьж, ажиллаж байна. Ямар ч бай­сан эхний ээлжинд түр музей байгуулж, “Батаар ба түү­ний нөхөд”-ийг энэ зун ард түмэндээ, судлаачид болон жуулч­дад үзүүлэх бэлтгэл ажлаа хийж байгаа.

-“Батаар ба түүний нөхөд” яг хэзээ гэхэд эх орондоо ирсэн байх вэ?
-Хавар Америкт очиж, хүлээн авах ажиллагаанд орол­цоно гэж бодож байна. Энэ тухай хүсэлтээ Гадаад харил­цааны сайд болон Засгийн газарт өгсөн.  “Триннозавр Ба­таар”-ыг манай Засгийн газарт хүлээлгэн өгснөөс хойш нааш нь тээвэрлэж авчрахад багагүй хугацаа шаардагдах байх. Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн тавдугаар сарын 18-нд Батаар бол Монголоос гаралтай үлэг гүрвэлийн яс. Дуудлага худалдаанд битгий оруулаач гэсэн мэдэгдэл хийж байсан. Тиймээс нэг жилийн ойд нь ямар ч байсан эх орондоо авчирна гэдэгт итгэлтэй байна.

-Түр музей байгуултал АНУ-аас авчрах үлэг гүрвэ­лийн олворуудаа хаана байрлуулж, хадгалах вэ?
-Полеонтологийн чиглэ­лийн музейгүй учир музейн зориулалттай, стандартад нийц­сэн барилга байгууламж хайх ажил хийлээ. Бид энэ ажлынхаа хүрээнд Лениний музейг судаллаа л даа. Тэгээд МАН-д хүсэлт явуулаад сар болж байна. Ө.Энхтүвшин даргыг хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, палеонтологийн олдвороо Лениний музейд хадгалах талаар хамтран ярилцах хүсэлт гаргасан юм.

-Хариу өгсөн үү?
-Одоогоор хариу ирээгүй байна. МАН-ынхан харилцан ярилцах, хамтарч ажлын хэсэг гаргах сонирхолгүй байгаа бол энэ асуудлаар Засгийн газарт хандах алхам хийнэ. Тиймээс Лениний музейн түүхийг судлаж байна.

-Уг нь, энэ музейг улсын өмч гэж ярьдаг юм билээ?
-Миний олсон баримтуу­даас үзвэл, Лениний музейг 1980 онд ашиглалтад оруулсан байна. Ашиглалтад оруулахаас өмнө олон жилийн турш улсын төсөвтөө Лениний му­зейг тусгаж ирсэн байна. Ул­сын төсвийн хөрөнгөөр тод­руулбал, тухайн үеийн Соё­лын яамны төсвийн ихэнх мөнгийг олон жил дараалан хуваарилж байж, энэ музейн барилгыг барьсан юм байна. Тухайн үед Соёлын яамны Барил­га захиалагчийн тов­чоо зураг төслийг нь гардан хийж, бариулсан. Бүр дотор­хи Лениний үзмэрүүдийг мөн­гө төлж, Ленинград хо­тын үйлдвэрт хийлгэж, байр­луулсан юм билээ. Тэгэхээр бүх үзмэрийг нь улсын төс­вийн мөнгөөр худалдаж ав­сан, зураг төсөл хийлгэж, барил­гыг нь бариулсан. Өөрөөр хэлбэл,  100 хувь улсын төс­вөөр босгосон музей. Энэ му­зейн талаар хүмүүс өөр өөр ойлголттой байдаг учир Засгийн газарт нэгдсэн ойлголт өгө­хөөр мэдээлэл баримт цуглуулаад явж байна. Ойрын үед МАН-аас хариу өгөхгүй бол Лениний музейн асуудлыг Засгийн газарт оруулна. 

 АРДЧИЛАЛ СОНИН   Б.АЛТАНЦЭЦЭГ

http://www.assa.mn/content/9796.shtml?a=politics

Сэтгэгдэл