Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Дэлхийн улс орнуудын музейчдын мэргэжлийн баяр уламжлал ёсоор 5 дугаар сарын 18-нд тохионо. Музейнүүд баярын үйл ажиллагааг ганцхан өдөр, зарим нь амралтын өдрүүдэд, эсвэл бүр долоо хоногоор ч зохион байгуулж магадгүй. Хамгийн гол нь тэдний үйл ажиллагааны гол утга учир нь “музей бол хүмүүс хоорондын энх тайван, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, тэдний соёлын солилцоо, соёлыг баяжуулах чухал арга “ гэсэн зарчимтай нийцэж байх ёстой.

Энэ баяр жил бүрийн музейн үйл ажиллагаанд зориулагдсан тодорхой уриан дор явагддаг бөгөөд энэ жил “Музейн сан хөмрөг бүхнийг холбоно” гэсэн уриан дор зохион байгуулагдах гэж байна.

Музейн сан хөмрөг – энэ бол нэг бус утгатай ойлголт. Музей үзэгчдэд музейн сан хөмрөг гэдэг тэднээс хол, үзэх боломжгүй оньсого шиг л зүйл. Гэвч тэдэнд сан хөмрөг гэгчид орж үзэх хүсэл маш их төрдөг бөгөөд тэнд нэг бол ямар нэгэн хааны эрдэнэсийн овоо, эсвэл тоостой бөөн новш байдаг болов уу гэж санагддаг байх. Энэ бүх эргэлзээг тайлах үүднээс Олон улсын музейн зөвлөл энэ жилийн баярын уриагаа “Музейн сан хөмрөг бүхнийг холбоно” гэж сонгосон байх.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 17000 орчим үзмэр, эд зүйл хадгалагдаж буй бөгөөд олон улсын музейн өдөрт зориулан  өөрийн цуглуулгаасаа үзэгчдийн өмнө дэлгэж байна. Энэ удаа Монголын дүрслэх урлагт тодорхой байр эзэлдэг шашны урлагийн бүтээлүүдийн цувралын эхний хэсгийг гаргахаар бэлтгэлээ.

Монголчууд шашныг хамгаалагч гол сахиусуудыг “Арван догшин хангал” хэмээн нэрийддэг бөгөөд үүнд, Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Дамдинчойжоо, Балданлхам буюу охин тэнгэр, Шалши, Намсрай, Жамсран, Цамба зэрэг бурхад багтдаг. Нууц тарнийн ёсны догшин ядам бурхадын нэг “Очирт аюулган үйлдэгч” буюу бидний нэрлэж заншсанаар Жигжид бурханыг энэ удаагийн үзэсгэлэнд сонголоо. 

Жигжид бурханы голын хурц хоёр эвэртэй догшин бух тэргүүний дээр догшин улаан тэргүүн, Манзушир бурханы хилэнт тэргүүн байна. Мутар бүртээ өөр өөр зэвсэг барьж, олон зүйлийн амьтан, тэнгэрийг дэвслэн зогсох нь муу сэтгэлийг дарахыг бэлгэджээ. Тэдний догшин ширүүн байдал нь хэрцгий догшны илэрхийлэл бус харин бодийн хутагт хүрэхэд саад тотгор болдог хүсэл, шунал тэргүүтнийг арилгах хүч чадал эрхшээснийг илтгэнэ. Ерөнхий утга нь ядам бурхадтай адилтөгс гэгээрлийн эцсийн шатнаас өмнөх шатуудад нь дэмжин тусалдаг аж.

Үзэсгэлэнд цутгамал, шавар, модон сийлбэр, шүтээн зураг, барын дардас зэрэг төрлөөр бүтээсэн 100 гаруй үзмэрийг дэлгэх бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 16-ны 13 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэж, 6 дугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл