Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

     Монгол Улс өнгөрсөн онд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэнбилээ.

                Тэгвэл уг дэлхийн өвийн уугуул соёлыг өвлөн тээж ирсэн өлгий нутаг, аялал жуулчлалын томоохон бүс нутагт зүй ёсоор багтах Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны  4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар “Монгол Үндэсний гэрээр аялал жуулчлалын отог бааз, байгууламжийг бүрдүүлэх тухай”  2/15 тоот тогтоол гаргасан  байна.

                Бүр тодруулбал  тус сумын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх байгууллага, иргэдийн аялал жуулчлалын отог бааз, байгууламжийг Монгол үндэсний гэрээр бүрдүүлж, энэхүү нийт гэр байгууламжийнхаа 70-аас доошгүй хувийг Уянга хийцийн гэрээр  бүрдүүлэх ёстой гэж   тогтоожээ.

                 Сумын Засаг даргад аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч байгууллага, иргэдтэй гэрээ байгуулахдаа дээрх квотыг тусган хэрэгжүүлэхийг даалгасан байна.

                Уянга суманд өдгөө 20 гаруй өрх гэр урлалыг эрхэлж байгаа бөгөөд “Уянга” сумынхан  уг соёлоо өнө эртнээс өвлөн уламжлуулж ирсэн, онцлог билэгдэл, хээ хуар, хийцтэй гэр бүтээдэг юм.  Тэд урлахаас гадна монгол гэрийг барих, буулгах, түүнийг ашиглахтай холбоотой нүүдэлчдийн соёл, зан үйл нь хамтаараа дэлхийн өв болж бүртгэгдсэн учраас гэрийн хэрэглээг аялал жуулчлалаар дамжуулан язгуур төрхөөр нь хадгалж, хойч үедээ уламжлуулах бодлогыг Уянга сум гаргасан нь энэ юм.

                                Хэрэв та ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн“Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-тэй танилцах, Уянга хийцийн гэрт амрахыг хүсвэл Өвөрхангай аймгийн Уянга сумыг зорьж болох нь ээ.

Сэтгэгдэл