Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

“Үндэсний бичиг үсгийн баяр-2014” “Монгол бичгээ бүх нийтээрээ сурцгаая” уриан дор 2014 оны 05 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа.

Эзэн чингисийн талбайд зохион байгуулсан Үндэсний бичиг үсгийн баярын ёслолын арга хэмжээг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нээж, баярын мэндчилгээ дэвшүүлж, “Монгол бичгээ бүх нийтээрээ сурах” уриалгыг сонордууллаа.

Монголчууд бид өөрсдийн уламжлалт соёлыг тээн хадгалсан бичиг үсэгтэй болсоор даруй мянга гаруй жилийн түүхийн хуудсыг эргүүлжээ. “Үндэсний бичиг үсгийн баяр бол бичиг соёлын түүхийг бүтээлцсэн эх хэл, өв соёлоо эрхэмлэн дээдлэгч, тэнгэрээс газарт буусан босоо монгол бичиг, тэргүүнээс доош урсган бичдэг хүмүүн бичгээ /дээдэлдэг/бахархан хэрэглэдэг Монгол хүн бүрийн баярын өдөр юм.

2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүрийн 5-р сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж эхлээд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Үндэсний  хэл бичиг, өв соёлоо гэсэн олон нийтийн хүсэл санаачилга жилээс жилд нэмэгдэж, ёс заншил, өв уламжлалаа  судлах, сурталчлах ажил цар хүрээгээ тэлсээр байна. Баярын ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Үндэсний номын сан, Төрийн хэлний зөвлөл,  хамтран зохион байгуулагчаар МУИС, МУБИС, Хүмүн бичиг сонин, Хүүхдийн номын ордон, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Бичиг соёл төв зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, мөн бичиг үсгээ дээдлэгч хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

Энэ жилийн бичиг үсгийн баяр нь “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” гэсэн уриан дор явагдаж байгаа бөгөөд монгол бичгээ өргөн олонд  сурталчлах, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхийн тулд анх удаа Их эзэн Чингис хааныхаа  талбайд хотол олноороо цуглан тэмдэглэж байгаагаараа онцлог юм.

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол бичгийн олимпиад,  түргэн уншлагын, сайхан бичгийн, уран бичлэгийн уралдаан, “Монгол түмний оюуны өв- Монгол бичиг” нэртэй хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага, төрөл бүрийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж, сурталчиллаа. Тодруулбал:

Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит "Монгол бичгийн улсын уралдаан" 13 дах жилдээ уламжлал ёсоор амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд их дээд сургуулийн мэргэжлийн болоод мэргэжлийн бус оюутнууд, ЕБС-ийн багш нар оролцсон бөгөөд  нийт зуун наян таван оюутан ЕБС-ийн дөчин багш, гучин төрийн албан хаагч тус  тус оролцлоо. Үүнээс мэргэжлийн ангийн наян тав, мэргэжлийн бус зуун оюутнууд оролцож бүх нийтийг хамарсан өргөн цар хүрээтэй боллоо. Энэ жилийн монгол  бичгийн улсын уралдааны онцлогоос дурдвал  Хөвсгөл, Завхан, Увс, Дорноговь, Хэнтий, Дундговь гэх хөдөө орон нутгийн ЕБС- багш төрийн албан хаагчид идэвхийлэн оролцсон нь үнэхээр сайшаалтай мөн цахим орчин дахь монгол бичгийн хэрэглээг дэмжиж  өргөжүүлхийн үүднээс цахимд орчинд монгол бичгийг ашиглах чадварын тэмцээн мөн цахимд монгол бичиг хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж шалгаруулалт хийж урамшууллаа.   

Бичиг үсгийн баярын өдрөөр МУИС-ХУС Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш  нар болон "Монгол бичиг соёлын Хос уянга нэгдэл"-ийн хамт олон монгол бичгийг сурталчилж "Хурдан уншлага ба зөв бичих дүрмийн" уралдаан явуулж мөн нийт ард иргэдэд монгол уран бичлэгийн үйлчилгээг зохион байгуулсан нь олон нийтийн таашаалыг хүртлээ. Мөн Хүүхдийн номын ордон,  Сод номун төв төрийн бус байгууллагаас анхлан санаачлан 2005 оноос “Үндэсний бичиг мину” Улсын уралдааныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 9 дэх уралдаан өнөөдөр тохиож байна. Анхдугаар улсын уралдаанд хот хөдөөгийн 80 гаруй сурагч оюутан оролцож байсан бол өнгөрсөн жилийн 8 –р уралдаанд 700 гаруй урагч, залуус оролцсон. Тус уралдаанд монгол бичгээрээ унших сонирхолтой, хүсэлтэй хүн бүрийг оролцуулдаг байсан бол энэ жилийн уралдаанд хот хөдөө, орон нутгийн сургууль, сум, аймаг дүүргийн тэргүүний уншигчдаас шалгарсан шилдгийн шилдэг уншигчдыг хамрууллаа.

 Чингисийн талбайд зохион байгуулсан уг баярт арав гаруй байгууллагын үзэсгэлэн дэлгэн үзүүлсэнээс гадна  өөрсдийн хадгалж буй уйгуржин бичгээр бичигдсэн номоо бусадтайгаа солилцох, өөрт хэрэгтэй номоо толж авах боломж бүхий үйлчилгээ,  урлагийн тоглолт, уран бичлэгийн үзүүлбэр, уран бүтээлчид ард иргэдэд өөрсдийн бүтээлийг толилуулж, монгол бичгээр бичиж, уншиж өгөх үйлчилгээ үзүүлсэн нь  иргэдийн сонирхлыг татлаа.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн хэлний зөвлөл, Үндэсний номын сангаас санаачлан энэхүү баярыг жилийн туршид ёс заншил, өв соёлоо судлах, сурталчлах, үндэсний бичгээ бүх нийтээрээ уншиж бичиж сурах хөдөлгөөн өрнүүлж, мэддэг нь мэддэггүйдээ, өвгөд хөгшид нь үр хойчдоо өвлүүлэн эзэмшүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр уриаллаа.

Энэхүү уриалга монгол айл өрх бүрт хүрч, үндэсний бахархал-бичиг үсгээ хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх хос бичигтэн болоход үзэл бодол, үйл хөдлөлөөрөө нэгдэх юм.

УРИАЛГА

ҮНДЭСНИЙ МОНГОЛ БИЧГЭЭ БҮХ НИЙТЭЭРЭЭ СУРЦГААЯ!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний бичиг үсгийн ээлжит баярын өдрийг тохиолдуулан, Монгол уран бичлэг ЮНЕСКО-д яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн өвөөр 2013 онд бүртгэгдсэнтэй холбогдуулан,

Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Монгол Улсын Үндэсний номын сан, “Хүмүүн бичиг” сонины газраас нийт монголчууддаа сонордуулах нь:

Үндэснийхээ өв соёлыг ирээдүй хойчдоо залгамжлуулах хүн төрөлхтөний  ариун үүргийг ухамсарлан 2014 оны 5-р сарын 3-наас 2015 оны тавдугаар сарын 3 хүртэлх нэг жилийн хугацаанд гэр бүл, хамт олныхоо хүрээнд хүн бүр үндэсний монгол бичгээ бие даан сурахыг уриалж байна.

Энэ хүрээнд монгол бичгээ мэддэг нь мэддэггүйчүүлдээ зааж өгч, монгол бичгээрээ бүх нийтээрээ уншиж, бичиж сурахад бие биедээ харилцан туслалцаж, өв соёлоо хамтдаа эзэмшицгээе. 

Монгол бичгээ хэрэглээнд нэвтрүүлэх, хамт олноороо суралцах, Монгол бичгээр бүтээгдсэн өв соёлоо судлах талаар гаргасан ололт амжилтаа бидэнтэй тогтмол хуваалцаж ажиллахыг нийт засаг захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн багш нар, болон иргэддээ уриалж байна.

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛ

ҮНДЭСНИЙ НОМЫН САН

Сэтгэгдэл