Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол улсаас гарал үүсэлтэй, Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх хавцлаас олдсон палеонтологийн нэн ховор олдвор болох Дейнохейрус хэмээх үлэг гүрвэлийн гавлын болон хойт хөлний 2 тавхайны ясыг Бельгийн Вант Улсын Брюссель хотын Байгалийн шинжлэх ухааны музейн захирал, доктор Паскаль Годефройт тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд  хатагтай Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ШУА-ын Палеонтологийн төвийн лабораторит 2014 оны 05 дугаар сарын 1-ний өдөр боллоо.

Дейнохейрус буюу “ер бусын аймшигт гар” гэсэн утга бүхий нэртэй уг үлэг гүрвэлийн олдвор нь шинжлэх ухаанд өмнө нь судлагдаж байгаагүй, дэлхийд гайхагдах нэн ховор олдвор бөгөөд 1965 онд Монгол-Польшийн палеонтологийн хамтарсан экспедиц анх урд 2 саврууг илрүүлэн ийм нэр өгсөн байна. Гэвч уг олдворын гавлын яс байхгүйгээс судалгааны ажил эхэлж чадахгүй  өдгөө 49 жил болжээ.

 

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ажлаа авсаныхаа дараа холбоотой харъяа болон шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр Дейнохейрусын анхны судалгааны багт ажиллаж байсан Р.Барсболд тэргүүтэй эрдэмтэд уг олдворыг эх орондоо авчран судлах хүсэлтэй байгаагаа уламжилж байсан нь энэ өдөр биелэлээ олж, судалгааны энэхүү ховор объектыг эрдэмтдэд хүлээлгэн өглөө.

Дейнохейрусын гавлын ясыг Франсуа Эскулле анх олж Бельги дах БШУ музейд хандивласан бөгөөд тус музей нь Монголын олдворыг судлан, улмаар эх оронд нь хүлээлгэн өгөх ажлыг ССАЖЯамны Архелоги, палеонтологийн музейн шинэчлэл төслийн багтай гүйцэтгэжээ.  

зурагт: ШУА-ийн Палеонтологийн төвийн зөвлөх эрдэмтэн Р.Барсболд, Палеонтологийн төвийн захирал, эрдэмтэн Х.Цогтбаатар,  Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа, Бельгийн Вант Улсын Брюссель хотын Байгалийн шинжлэх ухааны музейн захирал, доктор Паскаль Годефройт нар

ССАЖСайд Ц.Оюунгэрэл өөрийн нэр дээр хүргэгдэн ирсэн хүлээн авсан олдворуудыг Үлэг гүрвэлийн төв музейд албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд Үлэг гүрвэлийн төв музейгээс олдворуудыг ШУА-ийн  Палеонтологийн төвд судалгаа шинжилгээний зориулалтаар түр шилжүүлэх гэрээ байгуулав. Ингэснээр Дейнохейрус нь “Үлэг гүрвэлийн төв музей”-д Т-Батаарын дараа орох 2 дах үзмэрээр албан ёсоор бүртгэгдлээ.

Сэтгэгдэл