Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2011-2013 оны хооронд Боловсрол соёл шинжлэх ухааны яам /хуучнаар/ Соёл урлаг судлалын хүрээлэнгээр “МОНГОЛЫН СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ХУВЬСАЛ, ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт шинжлэх ухаан технологийн төслийг хийлгэхээр болсон юм.

Монголын соёлын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, соёл, урлагийн хувьсал, өөрчлөлтийг судалж шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах зорилготой энэхүү төслийн гүйцэтгэл бэлэн болсон бөгөөд ССАЖЯаманд  хүлээлгэн өглөө.

Төслийн үр дүнг товч тэмдэглэвэл:  

Нэгдүгээрт: 1911-2011 он хүртэлх хугацаанд монголын соёл, урлагийн салбарт гарсан хувьсал, өөрчлөлтийг нийгэм /боловсрол, хүний нөөц, хууль эрхзүй/, эдийн засаг /төвлөрсөн төлөвлөгөөт болон зэх зээлийн/, байгаль экологи /хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн/ -ийн хүчин зүйлс, нөлөөллийн үүднээс судлан дүн шинжилгээ хийж, соёл, урлагийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодруулан үнэлэлт дүгнэлт өгч, санал зөвлөмж боловсруулсан байна.  

Хоёрдугаарт: Монголын соёл урлагийн байгууллагуудын соёлын үйлчилгээний чанар, хүртээмж, үр өгөөж, соёл урлагийн салбарын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамж, хандлагад дүн шинжилгээ хийж, холбогдох санал зөвлөмж боловсруулав.

Гуравдугаарт: Монгол улсын зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, уран бүтээлчдийн бүртгэлмэдээллийн сангбүрдүүлэн, бүртгэлд хамрагдсан байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орчин, үйл ажиллагааны бодит байдлыг судалж үнэлэлт дүгнэлт өгсөн нь цаашид энэ үйл явцыг төрийн бодлогоор хэрхэн зохицуулах арга замыг тодорхойлоход ач холбогдолтой боллоо.

Энэ удаагийн төслийг “Соёл, урлагийн хувьсал, өөрчлөлт”, “Социологийн судалгаа”, “Соёлын үйлдвэрлэл”-ийн 3 баг, нийт 20-иод хүний бүрэлдэхүүнээр Нийслэлийн 6 дүүрэг, Увс, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгийн 4500 гаруй хүнээс социологийн судалгаа, 308 соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийг судалгаанд хамруулж, түүнээс  243-ийн мэдээллийг Бүртгэл мэдээллийн санд оруулжээ.  

Одоогийн байдлаар 504хуудас тайлан, “Соёл урлаг судлалын ном зүйн бүртгэл” сэдэвт бүтээл болон “Монголын соёл урлаг судлал” сэтгүүлийн 16 дахь дугаар, “Соёмбо” сэтгүүлд үр дүнгээс нийтлэгдэж олны хүртээл болоод байгаа юм.  

Сэтгэгдэл