Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖЯ энэ жил соёл урлагтай холбоотой 10-аад хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Үүний нэг нь кино урлагийн тухай хууль. Энэ талаар соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилоос тодрууллаа.

-Киноны тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байна вэ. Төслийн багт ямар хүмүүс байгаа вэ?

-Хуулийн төслийн ажлын хэсэг “Соёлын чуулган”-ы өмнөхөн байгуулагдсан. Одоо ажлын төлөвлөгөөгөө гаргаад, дор дороо хариуцсан ажлаа хийгээд явж байна. Ажлын хэсэгт дандаа кино урлагтай холбоотой хүмүүс байгаа. Монголын урлагийн зөвлөл, Кино урлагийн зөвлөл, СУИС-ийн профессор, манай яамнаас гэм мэт албаны, төрийн бус байгууллагийнхан болоод чөлөөт уран бүтээлчид багтсан. Манайх шиг цөөн хүн амтай мөртлөө асар том газар нутаг, түүх, соёлтой улсад кино урлагийн бодлого алдагдсан байж болохгүй юм байна. Энэ бодлого алдагдсанаас болж бидний соёл, түүх бүдгэрч эхэлж байна. Тиймээс кино урлагийг хөгжүүлэхийн тулд эрхзүйн орчныг нь бүрдүүлэхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өнөөдөр байдал ямар байгаа билээ. Өдөр шөнөгүй солонгос кино гарч, соёл урлагаар нь амьсгалж байна. Саяхан бид Францын CNC гэж кино урлагийн хөгжлийн байгууллагынхантай уулзаж туршлага судлаад ирлээ. “Танай телевизүүдэд ямар кино давамгайлж, хэдэн хувийг нь монгол кино эзэлж байна” гэж тэд асууж байна. Солонгос кино нэлээд давамгайлж байгаа гэдгийг хэлтэд тэд “Солонгосууд манай загварыг авч хэрэглээд өнөөгийн төвшинд хүрсэн” гэсэн. Франц улс соёл урлагтаа асар их анхаардаг улс. Тэд том соёлтой байж том гүрэн байдаг гэдэг ойлголттой юм билээ. Тиймээс соёл урлагаараа дамжуулан язгуур чанараа авч үлдэнэ гэсэн бодлоготой байдаг. Мөн ажлын хэсгийнхэн бусад улс орны киноны хуулиудыг судалж байна. Манай кино урлагийн салбарт гадаадын нэг судлаач судалгаа хийсэн байдаг юм билээ. Тэр хүнтэй холбогдоод, санаа бодлоо солилцохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа Монголын мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байна.

-Хуулийн төслийг хэдийд бэлэн болгохоор төлөвлөж байна вэ?

-Энэ оны эхний хагас бэлэн болгох төлөвлөгөөтэй байгаа.

-Киноны тухай хууль манайд өмнө нь байгаагүй юм уу?

-Киноны тухай хууль огт байгаагүй. Өмнө нь Соёлын яам байхдаа кино урлагаа маш сайн авч явж байжээ. Цензүр л байсан болохоос биш төр кино урлагтаа асар их анхаардаг байсан. Тухайн үед бүтээлийг нь ч уран бүтээлчийг нь ч сайн дэмждэг байсан нь харагддаг. Одоо хамгийн гол нь урлагийн нарийн мэргэжлийн хүмүүсийг дэмжиж, төрөөс зуун хувь тэтгэлэгтэйгээр гадаадын өндөр хөгжилтэй улсад сургах хэрэгтэй байна. Манай шинэ яамны бодлого ч үүнд чиглэж байгаа. Түүнээс биш тендэр зарлаад хамгийн бага үнэ өгсөнөөр нь урлагийн тоглолт, концерт хийлгэнэ, кино, жүжгийн зохиол бичүүлнэ гэх мэтээр урлагийг зүгээр нэг тоосго өрөхтэй адилтгаж болохгүй.
Сүүлийн 20 гаруй жил их олон кино хийсэн. Уучлаарай, нэг ч кино олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц хийгдэхгүй байна. Яам шинээр байгуулагдаад, дэмжсэн нэг кино бол “Алсын удирдлага”. Өмнө нь “Хадаг”, “Ингэний нулимс”, “Нохойн орон” гэж кинонуудыг монгол хүн багт нь ажиллаж байсан ч дандаа гаднын хүмүүс хийж байсан. Харин энэ кино бол яг монгол хүний гараар бүтсэн гэдгээрээ онцлог. Энэ кино олон улсад зохиол нь шагнал хүртээд, дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас грант авчихаад байна. Гэхдээ энэ үйл явц хэтэрхий удаан хугацаанд бүтэж байна. Энэ мэтчилэн уран бүтээлчдээ сайн дэмжээд өгвөл боломж нээлттэй байна. Ингэснээрээ зөвхөн уран бүтээлчийг дэмжиж байгаа юм биш. Цаана нь монгол түүх, соёл, эдийн засаг, ирээдүйгээ зөв хүмүүжүүлэх бүх бодлого хамт явж байдаг байхгүй юу. Хэдий болтол Монголын түүхийг гаднын хүмүүс өөрийнхөөрөө тайлбарласан кино үзэж суух юм бэ.

-Киноны тухай хуульд тусгагдах ёстой хамгийн чухал зүйл юу байх вэ?

-Кино урлагийг хөгжүүлэх нь төрийн үүрэг. Тэр үүргээ төр өөртөө авах ёстой. Тэгэхгүй бол гуравхан кино театртай, бизнесменүүд нь урлаг ойлгодоггүй нөхцөлд хувийн секторууд кино хийх гэж яваад хэцүү биз дээ. Сайхан кино хийхэд төсвөө танаад танаад, 300-500 сая төгрөг. Яаж тэр мөнгийг буцааж олох юм бэ. Гурван кинотеатрт гаргаад олох юм уу, түүн шиг үлгэр байхгүй. Хууль гарна гэдэг төр үүргээ хүлээх гэж байгаа гэсэн үг л дээ. Хоёрдугаарт кино урлаг дэд бүтэцгүй хөгждөггүй юм. Тиймээс олон улсын хэмжээний кино үйлдвэрлэлийн төвтэй болох ёстой. Монголчууд авьяасгүй хүмүүс биш шүү дээ. Спорт хөгжихгүй байна гэж хэдэн жил яриад л байсан. Мөнгийг нь өгөөд, дэмжээд ирэхээр Монголын тамирчдад ямар боломж байгааг харууллаа шүү дээ. Урлаг ч үүнтэй адилхан.
 

“Үндэсний шуудан” Д.Пүрэвсүрэн

Сэтгэгдэл