Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Төслийн хээрийн шинжилгээний 1-р багийнхан Ховд аймгийн нутагт ажиллаж явахдаа Манхан сумын Жаргалант Хайрхан уулын Өмнөхийн аманд эртний хадны  оршуулга мэдэгдсэн тухай аман мэдээг тус сумын дунд сургуулийн түүх, нийгэм судлалын багш Ч.Энхтөрөөс авснаар 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хадны оршуулгыг анх олсон Н.Дандар нараар газарчлуулан тус газар хүрэлцэн очиж 26-ны өдөр хадны оршуулгыг малтан шинжилсэн юм.

Дурсгалыг олж илрүүлсэн нь

Монгол Улсын Ховд аймгийн Манхан сумын нэгдүгээр баг буюу Баянгол багийн иргэн Тахиа овогт Намсрайн Дандар 2008 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус сумын нутаг Жаргалант Хайрхан уулын Өмнөхийн аманд хонь хариулж яваад санамсаргүй тохиолдлоор хадны нэгэн оршуулгыг анх олж үзжээ. Н.Дандар уул өөд бэлчсэн хонио эргүүлэхээр нутгийнхан Нүхэн хад гэж нэрлэдэг орой дээрээ барсгар дэл хадтай толгойн доороос явган өгссөөр орой дээр нь гарч амарч суутал хажууханд нь нэг нүх харагдсан ажээ. Хад чулуун дунд, эгц доош амтай нүх сонирхолтой санагдаж нүх рүү өнгийж тонгойн хартал агуйн төв хэсгийн шороон дотроос дугуй булантай нэгэн мод цухуйж агуйн урд талын буланд 2 ширхэг зэвэрсэн төмөр дөрөө ил хэвтэж харагдсан гэнэ.           

Н.Дандарыг агуйд ороход шувууны өндөгний хальс, оготны баас, шороо, хурдсаар дүүрсэн агуйн амсар нь өвдгөөр татаж байсан бөгөөд дугуй булантай модыг татаж гаргатал эмээл байжээ. Эмээл байсан газарт шороог гараараа ухаж үзтэл ташуур болов уу гэмээр өнгөлөг шар мод гарч ирснийг мөн л татаж автал тэр нь нум байсан ажээ. Ингээд, их эртний эдийн зүйлс энд нууж далдалсан юм болов уу хэмээн сэтгэж бүр лавшруулан ухтал модон сав шиг юм ил гарсныг түншихэд хөндий мэт их бөглүү дуу гарсан гэнэ. Модон савыг гэмтээлгүй авч үзэхээр ил гарсан хэсгээс нь хөөн шороог хоёр тийш ярж зайлуулах үед түүний дээрээс төмөр зэв 1 ширхэг олдсон гэдэг бөгөөд савыг авахад тэр нь мөсийн онитой талыг дээш, зэвтэй үзүүрийг доош нь хандуулан хийсэн багц сумтай хоромсого болж таарчээ. Авах үед хоромсогын ёроол салж дотроос нь хэдэн ширхэг төмөр сум унасан нь өмнөхтэй нийлээд 11 ширхэг болж байсан ба саванд нэг сум л мөстэйгээ хамт хадгалагдсан байжээ. Сониуч зангаар тоолж бүртгэн үзэхэд, саванд зэвтэйгээ 1 ширхэг мөс, зэв нь унасан бололтой 22 ширхэг мөс, нийт 23 ширхэг модон мөс болж төмөр сум дутахаар нь улмаар цааш нь гараараа бүр гүн ухтал хүний хавирга, нуруу, аарцагны яс гарч оршуулга болох нь мэдэгджээ. Тиймээс цааш нь дахин ухаж хөндөлгүй орхисон нь талархууштай ба хүүхдийнх нь дунд сургуулийн түүхийн багш, орон нутгийн эртний түүх-соёлын элдэв төрлийн дурсгалыг сонирхон бүртгэгч бөгөөд хэрвээ нутагладаг газрын нь ойр орчимд тийм дурсгал байдаг бол ямар нэгэн аргаар бүртгэх үүрэг даалгавар өгдөг тухай удаа дараа сонсож байсан учраас юуны өмнө мэргэжлийн тэр багшид дуулгахаар болжээ.

Эд өлгийн зүйлсийг хөндөж авахад доод талаас нь мэдэгдсэн хүний ясны байрлалаас харахад хүний баруун ташааны дагуул дотроо багц сумтай хоромсого, түүний дээр нум эдгээрийн дээр эмээл хүний биеийн байрлалаар тавиатай байсан тухай мэдээг бид газар дээр нь сурвалжлан тэмдэглэж авсан юм.

            Сумын зэвүүдийг агуйн зүүн ханын орчимд шороо хонхойлгон ухаж байгаад булж эмээл, нум, дотроо багц сумтай хоромсого зэргийг агуйн баруун хана тал руу хүний нүдэнд харагдахааргүй газарт ил тавьж орхисон бөгөөд үүнээс 3 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 28-ны өдөр Н.Дандарынх зуслангийн нутаг руу нүүсэн учраас дахин эргэн очиж чадаагүй гэх ба хожим нь маш сонирхолтой эртний оршуулга олсон тухайгаа тус сумын дунд сургуулийн түүх, нийгмийн багш Чимэддоржийн Энхтөрд мэдээлжээ.

Сэтгэгдэл