Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Ховд, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаас олдсон VII-XIV зууны үед холбогдох баатар эрсийн оршуулгаас илэрсэн 170 гаруй олдворыг ХБНГУ-д сэргээн засварлажээ. Энэхүү олдворуудыг өнөөдөр Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнг Монгол Улс, ХБНГУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ССАЖЯ, ГХЯ, ШУА  хамтран зохион байгуулсан юм.

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Монгол, Герман хоёр улсын олон жилийн хамтын нөхөрлөлийн үр шимийг өнөөдөр тэмдэглэж байна. Герман нөхдийн тусламжтайгаар сэргээн засварласан тал нутгийн дайчдын хэрэглэж байсан хөгжим,эдлэл хэрэглэл, хувцас, зэрэг соёлын өвийг толилуулж байна. Уг үзэсгэлэнгээс тэр үеийн дайчдын ахуй амьдралыг тольдохоос гадна сэргээн засварлахад ямар их нарийн чимхлүүр ажил байдгийг мэдэрнэ. Үзэсгэлэнг дэглэхэд хамтран ажилласан ХБНГУ-ын ЭСЯ, Монгол Улсын ШУА-ийн археологич, судлаачдад талархал илэрхийлье” гэв.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдэманн, “ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг энэ онд тэмдэглэж байгаа билээ. Ойн баярын хүрээнд зохион байгуулж буй ажлын нэг нь энэхүү үзэсгэлэн юм. Энэхүү олдворууд археологийн томоохон судалгаа төдийгүй хүн төрөлхтний болон Монголын ард түмний угсаатны зүйд томоохон нээлт хийсэн судалгаа байлаа. Мөн европ, Монголын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээлээ. Гайхамшигтай олдворуудыг монголчуудаас гадна жуулчид үзэх боломжтой. Тиймээс Монголын аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нээлтийн үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хадны оршуулгыг анх харж мэдээлсэн Ховд аймгийн Манхан сумын иргэн Н.Дандар болон тус сумын дунд сургуулийн багш Ч.Энхтөр нарт соёлын өвийг хамгаалж хувь нэмрээ оруулсныг нь үнэлж ССАЖЯ-ны жуух бичиг гардуулав.

 

 

Үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг олдворууд болон  XIV зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 170 шахам үзмэрийг дэлгэжээ. Мөн Түрэгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэл Монголын тал нутгийг зургаан зууны турш байлдан дагуулж байсан талын морьтон дайчдын гол зэвсэг нумны хийц загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг үзэх боломжтой. Эдгээрээс нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох нуман ятга үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байв. Уг хөгжмийн зэмсгийн их биеийг хус модоор, элдэв залгаа, наалтгүйгээр урлаж царны таг болон тээгийг уд модоор хийжээ. Хүзүүг их биеэс бага зэрэг доош налуулан зорж аажим өгсүүлэн 40 хэмийн өнцгөөр налуулаад үзүүрт нь шөмбөгөр хоншоортой, бага зэргийн хөхөлтэй, дагзан дээрээ дөрвөлжин нүхтэй зүүн чихээ хулмайлгасан морин толгой сийлжээ.Хүзүүг хар өнгийн холтсоор их биеийг уг хүртэл даруулан ороож, зууван дугуй хэлбэртэйгээр хөндийлөн ухсан нь завь мэт, эсвэл хун шувууны их бие хэлбэртэй адил болжээ. Энэхүү ятганы царны дор зургаан буга, нэг янгир, таван нохой болон нум тэлсэн анчин зэрэг баялаг өгүүлэмж бүхий зураг сийлсэн байв. Царны ёроолд өндөр хондлой, урагш сунгасан урт хүзүү, олон салаа эвэртэй буга сийлсэн нь онцгой. Бугыг сийлсэн ором цоо шинээрээ байгаа мэт байгааг харахад хүний гарт өртөж, элээгүй шинжтэй бөгөөд оршуулгын өмнөхөн сийлсэн гэж болмоор байгаа аж. Хөгжмийн хажуу бөөр, хүзүүний дагуу руни бичгээр бичсэн зургаан хэсэг бичээсийг түрэг судлаач, профессор Ц.Баттулга “Яаялиг” буюу монгол хэлээр “Аялаг-Аялгуут”, “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” хэмээн тайлж уншсан байна. Харин хөгжимчний нэр “Чүрэ” аж. Энэ баатар эрийн олонд түгсэн алдар “Аялгууч хүү” буюу “Дуучин хүү” байжээ. Энэ хөгжим ийнхүү өөрийн болон эзнийхээ нэр алдрыг хэлж өгч буй нь ховор чухаг тохиолдол болж уг олдворыг хосгүй үнэтэй гайхамшигт дурсгал болгож байгаа юм.

Нуман ятга хөгжмийг “Бөртэ” хамтлагийн ахлагч, хөгжимчин Б.Ганпүрэв дизайн загварыг нь гарган уламжлалыг нь сэргээж, Эгшиглэн манлай хөгжмийн үйлдвэрийн Байгальжав урласан байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр 1550 жилийн өмнөх эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан нуман ятга хөгжмийг эгшиглүүлэв. Хөгжмийн өнгө дуу эгшиг нь үнэхээр гайхалтай, уянгалаг дуугарч байсан юм. 

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онд “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд II, Ховд” төслийн хүрээнд олон тооны дурсгал илрүүлжээ. Судлаачид хадны зургаан оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг судалж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харьяа Бонн дахь Ландес музей болон Көльний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы ширний музей зэрэг газарт гурван жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлэн авчирсан юм.

Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 08-ны өдөр хүртэл олон нийтийн хүртээл болох юм.

Сэтгэгдэл