Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Олон Улсын Музейн Зөвлөлийн Монголын Үндэсний Хорооноос  2014 оны 3 дугаар сар 5нд  “ Музейн сан хөмрөгийн хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохиов.   Энэ арга хэмжээ нь манай оронд орчин цагийн анхны музей байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх  цогц арга хэмжээний нэг  нь  энэхүү уулзалт хэлэлцүүлэг   юм.    Хэлэлцүүлэгт музейн ажилтнууд, тус хорооны гишүүд оролцсон бөгөөд уг арга хэмжээ Байгалийн түүхийн музейн байранд болсон юм. 

Хэлэлцүүлэгийг эхэлж ОУМЗ-ийн Монголын Үндэсний хорооны тэргүүн Д. Цэдмаа ярихдаа:

Дэлхий дахинаа 2014 оны   Олон улсын музейн өдрийн сэдвийг “ Музейн цуглуулга бүхнийг холбоно” сэдвийн дор зохиох гэж  байгаатай  холбогдуулан музейн ажилтнуудын уулзалт зохиож сан хөмрөгийн талаар  санал бодлоо солилцох зорилгоор   ОУМЗ –ийн Монголын Үндэсний хорооноос энэ арга хэмжээг зохион байгуулж байна.  

Дэлхий дахинаа  даяарчлалын нөлөө улс орнуудын хөгжлийг хурдасган нэгэн хүчээр урагш ахих хүчийг нэгтгэж байна. Үүний   зэрэгцээ улс үндэстэн бүр  түүх соёл, уламжлалаа  үнэн бодит байдлаар нь  хадгалах, уламжлуулах , хөгжүүлэх эрмэлзэл улам их болж байна.    Соёлын өвийг төвлөрүүлэн хадгалж, судалж, сурталчилж байдгаараа музейн байгууллага  хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг хүлээдэг. Музейн олон талт үйл ажиллагаанаас  сан хөмрөг нь музейн ажлын  үндэс    болдог.  Манай орны хувьд сүүлийн  арав гаруй жилд төр засгаас болон гадаадын  байгууллагуудын тусламж дэмээр  музейн сан хөмрөгийн  сургалтууд зохиогдож, сан хөмрөгийн байрыг тохижуулах талаар зарим төслүүд хэрэгжсэн нь   бусад музейнүүдэд үлгэр дуурайлтай, хэрэгжүүлэх загвар  арга болсон  юм.  Сан хөмрөгийн хоёр  удаагийн улсын тооллогыг  улсын өмчит бүх музейг хамран явуулахдаа  бүртгэл ба  хадгалалтыг сайжруулах арга хэмжээ болж чадсан юм.

Гэвч  олон зуун жилээр хадгалагдаж ашиглах музейн  цуглуулгыг найдвартай хэвийн хадгалахад  төрийн анхаарал халамжийг ихээр хандуулах, бодлого, заавар журмыг  боловсруулах,   мэргэжилтний ур чадварыг  байнга дээшлүүлэх,тэднийг тогтвортой ажиллуулах, сан хөмрөгийг    зохистой ашиглах,  арга зүйг нарийвчлах, хяналтыг жигдлэх, олон нийтэд хүртээмжтэй болгох  өндөр шаардлага бий болж байна гэв.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр оролцогсод санал бодлоо хуваалцаж, сан хөмрөгийн иалаар тулгамдсан асуудлуудыг ярилцлаа. Тухайлбал, сан хөмрөгийг арчлан тордоход зориулсан төсөв гэж огт байхгүй, олон сараар тооллогод ажиллаж хортой нөхцөлд байх боловч хортой нөхцөл гэж тогтоодоггүй,  сан хөмрөгийн ажилтнуудын хариуцлага өндөр, цалин бага,  тогтвортой ажиллахгүй их солигддог,  тооллого маш их цаг авч бусад ажилд орж чадахгүй байгаа,  сан хөмрөгийн ажилтны орон тоог нэмэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудыг ярьлаа.  Зарим асуудлаар энэ дагуу  ажил зохиох нь зүйтэй гэж үзлээ. Цаашид музейн ажлын гол сэдвээр ийм хэлэлцүүлэг хийж байх тухай мөн ярив.        

                 Олон Улсын Музейн Зөвлөлийн Монголын Үндэсний  Хорооны тэргүүн

 Утас:  99288000,  98641945,99909933

Сэтгэгдэл