Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр спортын бэлтгэлийн төвд 2013 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 35, эмэгтэй 21 дэхь удаагийн багийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байгаа юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа, дэд ерөнхийлөгч Б.Дорждэрэм, н.Баярсайхан, н.Батзаяа, н.Өсөхбаяр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, зүүн азийн жүдо бөхийн холбооны е.н.б.д М.Бөхбат, СБТ-ийн дарга Б.Наранбаатар, ССАЖЯ-ны БТСБХЗГ-ын дарга Д.Жаргалсайхан болон ахмад жүдочид хүрэлцэн ирсэн байлаа. Өнөөдөр хөнгөн жингийн эрэгтэй 60, 66, 73 эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын тамирчид барилдах юм. Маргааш эрэгтэй 81, 90 нэмэх хасах 100 кг, эмэгтэй 70, нэмэх хасах 78 кг жингийн тамирчид барилдах бол 9-ны өдөр багийн барилдаан болно. Энэ жил анх удаа багийн барилдаан болж байгаа юм. Багийн спорт хөгжсөнөөр нэг бодлого, зорилго болж багийн сахилга бат сайжирч, спортын хөгжилд нөлөөлөх сайн талтай юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдаас тивийн аваргыг зорих баг тамирчдыг сонгох бөгөөд улсын шигшээ багт медаль авсан 60 гаруй тамирчинг оруулах бодлоготой байгаа гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат хэлж байсан юм.Өнөөдөр Лондоны Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын шилдгүүд зодоглосон юм. Харин Лондоны олимпод эх орноо төлөөлөн оролцсон М.Бундмаа, Н.Түвшинбаяр, Ц.Мөнхзаяа нарын зарим тамирчид өнжиж байгаа юм байна. Та бүхэнд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн жүдо бөхийн УАШТ-ний нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн  үгийг давхар толилуулж байна.


               “МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН”-д оролцохоор манай эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн биеийн тамир, спортын байгууллагын ажилтан, тамирчин, дасгалжуулагч нар нарт шинэ оны мэнд дэвшүүлэн, спортын гялалзсан дээд амжилт гаргахыг хүсье.
                Шинэ 2013 оны спортын үйл ажиллагааг нээж, хамгийн түрүүнд энэ тэмцээн зохиогдож байгаагаараа чухал онцлогтой болж байна. Манай жүдочдыг 2013 оны 2 сарын 10-наас эхлэх Европын цуврал тэмцээнүүд хүлээж байна. Мөн 2016 оны Бразил улсын Рио де Жанейро хотноо болох олимпийн их наадмын жүдо бөхийн тэмцээний бэлтгэлийн гарааны том сорилт, хариуцлагатай үеүд энд таарч байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч байна. Учир нь жүдо бөхийн төрөл сүүлийн жилүүдэд манай оронд эрчимтэй хөгжиж дараалласан 3 олимпийн их наадмаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн юм. Олимпийн амжилт ийнхүү дээшилж байгаад бид баяртай байдаг.
           Энэ удаагийн тэмцээн нь Үндэсний шигшээ багийг шинэчлэн зохион байгуулж байгаа үетэй давхцаж байгаа ба энэ тэмцээнээс шалгарсан шилдэг залуу тамирчид олноор багтан орно гэж найдаж байна. Бид жүдо бөхийн төрлөөс 30 орчим дасгалжуулагч, тамирчидыг сонгон авч цалинжуулах, бэлтгэх, гадаадад болох тэмцээнүүдэд оролцоход Үндэсний шигшээ багаараа дамжуулан олон арван сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
             Төр засгаас жүдо бөхийн холбоо, түүний тамирчидыг ихээхэн дэмжих бодлого явуулж байна. Өнгөрсөн оны сүүлчээр ССАЖЯамнаас Жүдо бөхийн холбоог “2012 оны шилдэг спортын холбоо” –гоор тодоруулан 5 сая төгрөгний мөнгөн шагналаар урамшуулсан билээ.
Бид бас Жүдо бөхийн холбоны 2012 онд гаргасан амжилтыг нь үнэлэн “МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН”-ийг Засгийн газрын мөнгөн шагналтай тэмцээн болгон зохион байгуулахаар шийдвэрлэснийг тамирчид, дасгалжуулагч та бүхэнд дуулгахад таатай байна.
            Тамирчин, дасгалжуулагчид та бүхнийг “МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН”-дээ амжилттай оролцон спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Баярлалаа.

Сэтгэгдэл