Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2014оны 01 дүгээр сарын 3-ны өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолоо Зая бандид Намхайжамцын шармал хөрөг, түүний шавь Намхайжамцын Төвд хэлнээс орчуулсан “Хутагт судрын аймгийн Эрхэт хаан Алтангэрэлхэмээх их судар оршвой”, “Хутагт бусдад үл ялгагдагч Цагаан шүхэрт  оршвой”, Раднаабадраагийн зохиосон “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршвой”, хэмээх судруудын тод эх болон Намхайжамцын хэрэглэж байсан малгай, дингов зэргийг Богд хааны ордон музейд олны хүртээл болгохоор хандивласан юм. Эдгээр соёлын өвийг музейд залах ёслолын үйл ажиллагаа 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан юм.

Уг үйл ажилллагаанд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од, Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

XVII зууны нэрт соён гэгээрүүлэгч Зая Бандид Намхайжамц нь Ойрадын төдийгүй Монгол улсын түүх, шашны үйлсэд  томоохон зүтгэл гаргасан хүн билээ. Иймээс Зая бандидын намтар түүхийг судлах нь Монголын түүх, шашин соёлын судлалд чухал ач холбогдолтой бөгөөд профессор Ж.Цолоогийн музейд хандивласан дээрх үзмэрүүд нь Зая Бандид судлалын чухал сурвалж хэрэглэгдэхүүн болсноор нэг үеийн түүхийн цагаан толбыг арилгах боломж судлаачдад бүрдэж буй нь нэн таатай.  Эдгээр өвүүдийг Богд хааны ордон музейд төрийн хамгаалалтын дор хойч үедээ өвлүүлэн олон нийтийн хүртээл болгож байгаа нь иргэний түүх, соёлын өвийг хадгалж хамгалах үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийг иргэний үүргээ ухамсарлаж түүх, соёлын өвийг хайрлан хамгаалахыг уриалсан ач холбогдол бүхий арга хэмжээ болсон юм.

Сэтгэгдэл