Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Улс орны хөгжилд соёл, урлагийн салбарынхан тэр дундаа манай уран бүтээлчид тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байдаг билээ. Уран бүтээлчдээ дэмжих тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, мөн “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил 5 дахь удаагаа явуулах гэж байна. Шалгаруулалтыг:
- Тайз, дэлгэцийн найруулагч
- Тайз, дэлгэцийн зураач
- Тайз дэлгэцийн жүжигчин
- Шилдэг дуучин
- Шилдэг хөгжимчин
- Шилдэг бүжигчин
- Утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн 7-н төрлөөр явуулдаг.
Шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом /450.0 мянган төгрөгийн үнэ бүхий/ гардуулдаг төрийн захиргааны төв байгууллагын нэр төртэй шагнал юм.
Сүүлийн жилүүдэд манай уран бүтээлчид олон улсын хэмжээнд зохиогддог уралдаан наадамд олон сайхан онцгой амжилт гаргалаа.
ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаандаас Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Э.Амартүвшин II байр, мөн Москва хотод зохиогддог М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаандаас Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг анх удаагаа тэргүүн байр, Соёл, Урлагийн Их сургуулийн оюутан Ч.Энхтайван мөн наадмаас анх удаа 2 дугаар байр, БНХАУ-ын Бээжин хотод зохиогддог /дүрслэх урлагийн/ IY биенналиас зураач Х.Батбаатар анх удаа тэргүүн байр, мөн БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадамд манай акробатчид агаарт 5 эргэх, дөрвөн метрийн өндөрт хамтран тоглогчийнхоо мөрөн дээр байрлуулсан сандал дээр хамгаалалтгүй 3 эргэж очих, 6 давхар хийх зэрэг 3-н рекордийг хийж мөнгөн медаль хүртсэн зэрэг олон сайхан амжилтуудыг гаргаж Засгийн газраас шагнал хүртээд байна.

2010 оны шилдэг уран бүтээлчид:
1. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Буур хээрийн домог” дуулалт бүжгийн найруулагч Сэвжидийн Сүхбаатар,
2. Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр Красногоровын “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Намсрай Сувд,
3. Шилдэг дуучнаар “Экспо-2010”, Канадын Торонто “Red Sky” наадмын Гран при,“Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Данзанравжаагийн дүрээр Үндэсний Дуу, Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин Б.Батмэнд,
4. Шилдэг бүжигчнээр “Салхит шувуу”, “Жороон жороо”, “Аягат”, “Бие чинь болёо”, “Бөө” бүжгийн гоцлолоор Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Ш.Одонтуяа,
5. Шилдэг бүжигчнээр П.И.Чайковский “Нойрссон гүнж” балетийн гол дүрээр Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжгийн жүжигчин О.Ганцоож,
6. Шилдэг хөгжимчнөөр “Найруулга-2010” тоглолт, “Чавхдас нүргэлсэн хэмнэл”, “Beet street” шинэ уран бүтээлүүдээр Улсын филармоний хөгжимчин Б.Зоригт,
7. Шилдэг утга соёлын өвийг өвлөн эзэмшигчээр Монгол бүжгийн дэг жаягийн үндэс суурийг тавихад оруулсан хувь нэмэр болон “Бийлэхийн чиг хандлага” номоороо Соёл, урлагийн их сургуулийн үндэсний бүжгийн багш, ахмад бүжигчин Д.Нанжид нар тус тус шалгарч байсан.
2011 оны шилдэг уран бүтээлчид:
1. Шилдэг тайз, дэлгэцийн найруулагчаар Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн драмын жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгосны учир Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар,
2. Шилдэг тайз, дэлгэцийн зураачаар Дж.Вердийн “Аида” дуурийн тайзны зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатар,
3. Шилдэг тайз, дэлгэцийн жүжигчнээр Д.Намдагийн зохиол “Оролмаа эх” драмын жүжгийн Оролмаа эхийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хүртээл болгосны учир Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяа,
4. Шилдэг тайз, дэлгэцийн жүжигчнээр Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн драмын жүжгийн Зайран, Хан улсын элчийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ,
5. Шилдэг дуучнаар Оросын Холбооны Улсад болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлэн II байр эзэлсэн тул Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин,
6. Шилдэг хөгжимчнөөр Үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуур хөгжмөөр мэргэжлийн өндөр түвшинд тоглож, эх орныхоо урлагийн санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсны учир Улсын филармоний хөгжимчин Н.Жигжиддорж,
7. Шилдэг бүжигчнээр Монголын уламжлалт болон орчин үеийн бүжгийн төрлөөр мэргэжлийн өндөр түвшинд олон уран бүтээл туурвиж, эх орныхоо урлагийн санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсны учир Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчин О.Тулга нар тус тус шалгарч байсан юм.

Энэ жилийн шалгаруулалтын материалыг уран бүтээлчид, соёл, урлагийн байгууллагаас 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор хүлээн авч 2013 оны 1 дүгээр сарын 31-ний дотор зохион байгуулна.

2011-2012 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар тэргүүн байр эзлэн 29.0 сая төгрөг, мөн уралдаанд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр дэд байр эзлэн 24.0 сая төгрөг, Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанаас “Циркус Монголиа Хадгаа”-ын уран бүтээлчид акробатын төрлөөр анх удаа монголоос “Хүрэл алиалагч” хүртэж 34.0 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанаас “Икс роузис” төвийн уран нугараач Б.Ихэрцэцэг, Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Ц.Алтанцэцэг, Б.Уянга, Б.Алтжин нар “6 хос уран нугаралт, тэнцвэр” үзүүлбэрээр “Хүрэл арслан” хүртэж 34,0 сая төгрөгийн мөнгөн шагналыг Засгийн газрын тогтоолын дагуу хүртэх болзлыг хангаад байна.
Мөн АНУ-д зохиогдсон Барток Кабалевский – Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Ч.Есөнханд тэргүүн байр, сурагч Ү.Уртнасан 2 дугаар байр, оюутан Ч.Дөлгөөн, сурагч Ж.Өнөмандах, Ч.Чингүүнжав, Э.Ундрал нар 3 дугаар байр эзэлж онцгой амжилт гаргалаа.

Сэтгэгдэл