Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО өнгөрсөн сард Монголын ард түмний урлагийн сор бүтээл болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг дэлхийн баримтат өвд бүртгэснээ зарласан бол энэ удаад “Монгол уран бичлэг”-ийг соёлын биет бус өвийн жагсаалтад багтаалаа.

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 2-7-ны өдрүүдэд болж байгаа ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар монгол ард түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг Удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр ийнхүү санал нэгтэй баталсан байна. 

 Энэ удаад яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад олон улсын 11 соёлын өв нэр дэвшсэнээс тивүүдийн төлөөлөл болох Монгол, Азербайжан, Гватщмал, Угандаа улсын өвийг жагсаалтад бүртгэжээ.

Монгол уран бичлэг нь манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн 5 дахь өв болж байгаа бөгөөд өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.

2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 157 гишүүн хуралдаж буй уг хуралдаанд манай улсаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож байна.


Тус хуралдаанаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэх юм байна.

Дашрамд дуулгахад ССАЖЯамны хамт олон монгол бичиг сурч эхэлсэн бөгөөд энэ сард тэд түвшин тогтоох шалгалт өгөх юм. Үүний дараа түвшин түвшингөөрөө нэг баг болон монгол бичгийн хичээлээ үргэлжлүүлэн сурах гэнэ.

Сэтгэгдэл