Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д  холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн  хянан хэлэлцсэн.

Нэхэмжлэгч Төрийн өмчийн хорооноос Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга /хуучин нэрээр/-ын өмчлөгчөөр тогтоолгох, уг барилгыг МАН-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан юм.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны  6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 1963 оны Иргэний хуулийн 60, 63 дугаар зүйлүүдэд зааснаар Төрийн өмчийн хороог В.И.Лениний музейн барилгын өмчлөгч болохыг тогтоож, 2002 оны Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тус музейн барилгыг чөлөөлж Төрийн Өмчийн Хороонд шилжүүлэхийг хариуцагч МАН-д үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шүүх 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас  тус музейн барилгыг төрийн өмч болохыг тогтоох нэхэмжлэл гаргасан байхад Төрийн өмчийн хороог уг эд хөрөнгийн өмчлөгч гэж хоёр шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан,  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, Монгол Ардын Намын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэр гаргалаа

Сэтгэгдэл