Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖЯамны дэмжлэгтэй, Швейцарийн хөгжлийн  агентлагийн санхүүжилтээр ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн “Дуун ухааны сан хөмрөг”-т хэрэгжүүлж буй “Ардын аман зохиол, үлгэр, туульсын гар бичмэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх нь” төслийн нээлт боллоо. Уг төслийн нээлтэд ССАЖ-ын сайд хатагай Ц.Оюунгэрэл,  Швейцарийн хөгжлийн  агентлагийн дэд дарга ноён Дийпак Элмер, ШУА-ийн дэд ерөнхийлөгчТ.Дорж, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

2012 оны намар Ц.Оюунгэрэл сайд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнтэй өөрийн биеэр очиж танилцсан бөгөөд энэ үеэрээ,  цаашид Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь соёлын өвийг бүртгэх, хамгаалах ажилд ихээхэн анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Тиймээс харъяа байгууллагуудаасаа хэрэгжүүлж болох санаа, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, авран хамгаалах зүйлсийнхээ талаарх мэдээллийг  төсөл болгон бичиж  ирүүлэхийг хүссэн бөгөөд яаманд ирүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилт шаардлагатай байгаа нэн чухал соёлын өвүүдэд гадаад болон дотоодын байгууллагуудаас санхүүжилт хүсч эхэлсэн юм.

Төслүүд эхнээсээ санхүүжилтээ олж эхлэсэн бөгөөд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн “Дуун ухааны сан хөмрөг”-өөс санхүүжилт хүссэн  “Ардын аман зохиол, үлгэр, туульсын гар бичмэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх нь” төсөлд Швейцарийн хөгжлийн агентлаг 36 680 000 төгрөгийн санхүүжүүлт өгөхөөр болж энэ оны 10 дугаар сард төслийн ажилд шаардлагатай сканнераа худалдаж авснаар “Ардын аман зохиол, үлгэр туульсын гар бичмэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх нь”нэртэй төсөл эхэлж байна.

 Уг төсөл нь 10-12 сар үргэлжлэх бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Дуун ухааны сан хөмрөг”-т хадгалагдаж байгаа нийт 100 000 орчим хуудас материалыг дижитал болгох юм.

Ийнхүү дижитал болгосноор эх бичвэр хуучирч муудах, бүдгэрэх, урагдах зэргээс хамгаалж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой бөгөөд иргэд ч уншиж танилцах боломжоор хангагдах юм.

 Хэл зохиолын хүрээлэнгийн “Дуун ухааны сан хөмрөг”-т 1150 ширхэг тод үсгийн судар, 1257 ширхэг монгол барын болон гар бичмэл судар, 6889 ширхэг төвд судар, 450 хавтас бүхий 100 000 орчим хуудас хээрийн шинжилгээний ангийн тайлан, 1070 ширхэг соронзон хальс бүхий аман зохиол, нутгийн аялгууны арвин их материал хадгалагдаж байгаа юм.

Хэл зохиолын хүрээлэн өөрийн боломж бололцоо, гадаад дотоод хамтын ажиллагааныхаа хүрээнд уг соёлын өвөө судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, нийтийн хүртээл болгох ажлыг эхлүүлж, багагүй үр дүнд хүрч байна. Тухайлбал, 2011-2012 онд БНСУ-ийн “Биет бус соёлын өвийн Ази, Номхон далайн бүсийн төв”-ийн дэмжлэгтэйгээр 715 цагийн соронзон бичлэгийг дижитал болгоод байсан юм.  Мөн энэ оны 4-р сараас ШУА-ийн Информатикийн хүрээлэнтэй хамтарч монгол болон тод үсгийн судрыг дижитал хэлбэрт оруулах ажлыг хийж байгаа бол Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хээрийн шинжилгээний ангийн тайланг дижитал болгох төслийг эхлүүлээд байна.

Сэтгэгдэл