Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнгөрөгч ням гаригт Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч  шалгаруулах“Адуучин” тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдэг адуучид оролцож, морьтой шургуулж уургалах, бугуйлдах, явган шургуулж уургалах,эмнэг хангал сургах зэрэг адуучин эрсийн авхаалж самбаа, бяр тэнхээг сорьсон, адуу маллагааны арга ухааныг хэн сайн мэдэхээ харуулсан Үндэсний шилдгийг тодруулах томоохон арга хэмжээг Хүй долоон худагт Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн телевиз “Адуучдын дуу хоолой” төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бужигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөсөн бөгөөд  морьтон баатруудын тоглолтуудыг хурсан олонд сонирхуулсан юм.

Арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, АЖҮТ-ийн захирал О.Цоодол, Монгол Улсад суугаа элчин сайд нар, зочид төлөөлөгчид болон үзэгчид нийлсэн 2000 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм. Тэмцээнийг үзэхээр хуран цугласан олны уухай түрлэг, исгэрээнд монгол морьд нь омогшиж, оролцогчид нь аархсан сайхан наадам боллоо.

Ийнхүү ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон адуучдаас Төв аймгийн Алтанхуяг сумын “Оргиоч” галын адуучин Ч.Отгонсүрэн шалгарч Монгол улсын шилдгийн шилдэг адуучин болж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Ирэх жилүүдэд энэхүү тэмцээнийг улам өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж, аялал жуулчлалын томоохон эвент арга хэмжээ болгохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл