Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

1911 оны 12 сарын 29-ны өдөр Монголчууд Манж Чин улсын дарлалаас чөлөөлөгдөн үндэсний тусгаар тогтнолоо дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхагласан юм.
Энэхүү өдрийг 1922 он хүртэл албан ёсоор тэмдэглэж байсан уламжлалтай бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн 2008 оны 399 тоот зарлиг, энэхүү зарлигтай холбогдуулан Монгол улсын засгийн газрын 2010 оны 180 дугаар тогтоол гарч, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо байгуулан Монгол улсын шинэ Төрийн албаны түүхэнд холбогдох түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтанд авах, судалгаа шинжилгээ, урлаг соёлын суурь бүтээлүүд тавих, баримтат, уран сайхны кино бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохиох зэрэг олон бүтээлч ажлуудыг зохион байгуулж сурталчилсан юм.
2011 онд Улсын Их Хурлаас хууль гаргаж 12 сарын 29-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдрийн тоонд оруулж жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэхээр болсон. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсон дурсгалт газар хийгээд уг хувьсгалыг манлайлан удирдсан Богд хааны өв, түүхийг хадгалан эзэмшиж байгаа төрийн албан ёсны байгууллагын хувьд Богд хааны ордон музей нь баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулж, ССАЖЯ дэмжин ажилласан юм. Богд хааны ордон музей нь энэ үйл ажиллагааныхаа хүрээнд үзэсгэлэн, урлагийн тоглолт, “Тусгаар тогтнол” сэдэвт эрдэмтдийн нээлттэй хэлэлцүүлэг, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол улсын сүүлчийн Эзэн хааны эрдэнийн сууринд хүндэтгэл үзүүлж зуун дамнасан ойн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, Монголын түүх соёлын өвийг дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцсон юм. Зочид төлөөлөгч нарт Богд хааны ордон музейн ажилтнууд ХХ зууны эхэн үеийн Нийслэл хүрээ болон Наймдугаар богд Жибзундамбын холбогдолтой үзмэрээс танилцуулсан юм. Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны 12-р сарын 29-ны өдөр Богд хаан, Эх дагина нарыг өргөмжлөн залж байсан ёслол, Богдын ордны өмнөх талбай ард иргэдээр дүүрэн байсныг дүрсэлсэн эх зургууд, төрийн тулга, Богд хаан, Эх дагины эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл зэргийг дэлгэн үзүүлсэн. Мөн Богд хаан 1909 онд энэ цаг мөчийг алдалгүй Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх ёстой гэсэн зарлиг буулгаж байсныг музейн ажилтнууд уншиж танилцуулсан юм.
 

Сэтгэгдэл