Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо Монголоос гаралтай байж болзошгүй үлэг гүрвэлийн олдворыг дуудлага худалдаагаар оруулах гэж байгааг сонсоод тэр даруйд нь улсынхаа нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авч чадсан нь  монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн хамгийн анхаарал татсан хэрэг болсон билээ.

Харин өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён Пунцагийн Цагаан нарыг эх орноосоо хууль бусаар хил дамжин гарсан Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь эргүүлэн авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж  нэхэмжлэгчийн төлөөлөгч болох Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягийн гарын үсэгтэй “Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийг гардуулан өглөө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ:  "Соёлын өвийн хулгайтай тэмцэхэд энэ явдал том сургууль, амжилт боллоо. Бид нэгдэж ажиллаж чадвал амжилтад хүрдгийн жишээ энэ болж Т-Батаар  ганцаараа биш олуулаа ирж байгааг бахдан хэлж  байсан юм.

 “Би гэртээ ирлээ” Т-Батаарын үзэсгэлэн нээлтээ хийснээс хойш ердөө  5 өдрийн дотор жилд музейн хамгийн их үзэгчтай байдаг Байгалийн түүхийн музейн 70.000 үзэгчийн тоог давж гарч байсан бөгөөд одоогийн байдлаар 200 мянга хол давсан үзэгчтэй улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулж эхлээд байна.

“Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийн үгийг уйгаржин монгол бичиг, крилл үсэг, англи хэлээр бичсэн бөгөөд өргөмжлөлд тухайн үйл ажиллагаанд хэрхэн оролцсон  гавъяаг нь цохон тэмдэглэн бичсэн юм.  

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийн үгийг доор сийрүүлэн хөрвүүлбэл:

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
танаа

Палеонтологийн үнэт өв Тираннозавр батаарыг АНУ-д дуудлагын худалдаагаар худалдахаас хоёрхон хоногийн өмнө тус дуудлагын худалдааг зогсоохыг хүсч 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олон нийтэд хандан мэдэгдэл гаргаж байсан.

Монголын соёлын өвийг эх орондоо буцаан авчрахын тулд Тираннозавр батаар (Тарбозавр батаар)-ыг 2012 оны 5 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд албан ёсоор зарга үүсгэж, Монголын ард түмний соёлын өвийг гадаад орны шүүхэд нэхэмжилсэн анхны Ерөнхийлөгч.

Соёлын өвийн олон улсын хууль бус хулгайн сүлжээг илрүүлэх, Монголын соёлын өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажилласан баг бүрэлдэхүүнийг улс төрийн дэмжлэгээр байнга хангаж ажилласан.

Энэхүү улс төрийн дэмжлэгээрээ дэлхий нийтийн хэмжээнд хяналтгүй болоод байсан палеонтологийн олдворын хулгайн сүлжээг таслан зогсоох эхлэлийг зоримогоор тавьж, шинжлэх ухааны судалгааны орчинг эрс сайжруулах боломжийг цоо шинээр нээж өгсний тань төлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён Пунцагийн Цагааны “Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийн үгийг доор сийрүүлэн хөрвүүлбэл:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён Пунцагийн Цагаан танаа

АНУ-ын Нью-Йорк хотноо 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр худалдаалагдах гэж байсан Тираннозавр батаар (Тарбозавр батаар)-ын дуудлагын худалдааг зогсоох, улмаар тус үлэг гүрвэлийн олдворыг Монгол улсын соёлын үнэт өв гэдгийг нотлох, Монгол улсын хууль болон олон улсын конвенцэд нийцүүлэн эх орондоо соёлын үнэт өвийг буцааж авчрах зорилго бүхий АНУ-д найман сарын турш үргэлжилсэн шүүхийн заргын үйл ажиллагаанд Монголын талаас албан ёсны гэрч, хуулийн шинжээчээр оролцож хэргийг ялалтанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 

Монголын палеонтологийн өв олдворын хууль бус хулгайтай тэмцсэн үндэсний болон олон улсын эрдэмтэн, мэргэжилтэн, хуульчид, сайн дурынхны багийг  шуурхай удирдлагаар байнга ханган ажиллаж байсан.

Тираннозавр Батаартай холбоотой бүх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны төлөөллийг Монголын талаас амжилттай хэрэгжүүлж, уг үйл ажиллагааны бүх шатанд шуурхай ажиллаж, улс төрийн болон мэргэжлийн ур чадварын манлайлал үзүүлсэнийх нь төлөө

 

Сэтгэгдэл