Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлс Гаалийн Ерөнхий газарт хадгалагдаж байдаг байна. Харин өнөөдөр эдгээрүнэт зүйлсээс  дээжлэн “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт үзэсгэлэнг Улаанбаатар хотын гаалийн газрын 7 давхарт  нээлээ.  

Монгол улсын түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлах, хамгаалах  зорилгоор Улаанбаатар хотын гаалийн санаачлагаар Гаалийн Ерөнхий газар, ССАЖЯамны палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн нэгж хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллгаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Сангийн  дэд сайд С.Пүрэв ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга Б.Хишигбат зэрэг албаны хүмүүс оролцсон юм.   

 “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт үзэсгэлэнд 1993 онд Замын Үүд дахь гаалийн газарт хураагдсан  1800 оны үед бүтээгдсэн шармал Авид бурхан, 2009 онд “Буянт Ухаа” дахь гаалийн газарт хураагдсан Мин улсын үеийн Жалва балжэ бурханы төмөр цутгуур, 1999 онд “Буянт Ухаа” дахь гаалийн газарт хураагдсан ирвэсний арьс, 2010 онд Сэлэнгэ аймгийн гаалийн газарт хураагдсан XIX-р зууны үеийн цутгамал аяга,  шуумал болон модон барын  бурхад, үлэг гүрвэлийн өндөг гээд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 60 гаруй нэр төрлийн эд өлгийн зүйлс тавигдаж байна.  

 Эдгээр хураагдсан эд өлгийн зүйлээс гадна 2010 онд “Буянт –Ухаа” дахь гааль дээр хураагдаж Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд шилжүүлсэн 29.5 см өндөртэй Бурхан багшийн зэс барималыг дэлгэн үзүүлж байсан юм.   

 “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт үзэсгэлэнд ССАЖЯамны зүгээс музейн үзүүллэгийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, түүх соёлын дурсгалыг дэлгэн үзүүлэх шилэн хорго  зэрэгт дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.   

Үзэсгэлэн  энэ сарын 25-28-ний өдрүүдэд үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болох бөгөөд цаашид эдгээр үнэт  өв соёлыг улсын төсөвт орлогод авах, соёлын байгууллагад шилжүүлэх ажлыг холбогдох яамд, агентлагууд хамтран хийхээр боллоо.

Сэтгэгдэл