Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаар Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан юм. Уг тогтоолыг танилцуулж, Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлах ёслолын арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ сарын 13-ны өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Бөхийн өргөөнд хийж гүйцэтгэлээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан 256 хүчит бөхийн барилдааныг зохион явуулсан бөгөөд уг барилдааны дундуур ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл засгийн газрын 101 дүгээр тогтоолыг танилцуулж, Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлах ёслолын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Уг ёслолын ажиллагааг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэд захирал Н.Болд найруулж, яруу найрагч, СГЗ Ш.Гүрбазар хөтөлсөн юм. Мөн энэ үеэр Шонхор дээд сургуулийн оюутнууд хүчит шонхорын дэвэлтээр дэвж, үзэгчдэд сонирхуулсан. Энэхүү Монгол Улсын Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолд зориулан Монголын шувуу судлалын нийгэмлэгээс шонхор шувууны амьдралыг харуулсан 50 гэрэл зургийг дэлгэсэн “Хаан шонхор” сэдэвт шонхор шувууны гэрэл зургийн болон Богд хааны ордон музейн ховор шувуудын үзэсгэлэн дэлгэгдэж үзэгчдийн хүртээл боллоо. Богд хааны ордон музейгээс Диваажингийн шувуу, Саарал дарваан, Отгот малиба, Шаргал дэл-согсоот, Ногоон эвэр хошуут зэрэг 20 гаруй ховор шувууны үзмэрийг олонд танилцуулж байсан юм. Харин “Хаан шонхор” үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд үргэлжлэн гарах юм байна. Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Дашрамд сонирхуулахад манай улс үндэсний бахархалт шувуу зарласан 88 дахь улс болж байгаа юм. Монголчуудын хувьд шонхор шувуу хишигт жигүүртэн бөгөөд хэдэн зууны турш түүнийг дээдэлж, отог омгийнхоо билгэдэл болгосоор ирсэн. Түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгож, шонхор шувууг Монголчууд Үндэсний бахархалт шувуу хэмээн ийнхүү зарлалаа. Үүнээс хойш Шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгож, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэхийг нийт ард иргэн, байгууллага, аж ахуй нэгжид урилж байгаа юм. 

Сэтгэгдэл