Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, Шинэчлэлийн Засгийн газраас энэ салбарт эхлүүлсэн шинэчлэл, хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Шинээр байгуулагдсан энэ яамыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “монгол брэнд яам” хэмээн тодотгож, үндэсний брэндүүд бий болгон дотоод гадаадад таниулах том хариуцлага хүлээлгэсэн.

Зах зээлийн шилжилтийн жилүүдэд уналтад орсон соёлын салбарын бодлогыг өнөөгийн нийгмийн харилцаанд зохицуулан шинэчлэхэд манай яамныхан гол анхаарлаа хандуулж байна гэж Ц.Оюунгэрэл сайд уулзалтын эхэнд хэллээ. Энэ хүрээнд Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Киноны тухай, Номын сангийн тухай, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлын тухай, Соёлын илэрхийлэл, уламжлалт мэдлэгийн тухай, Музейн тухай зэрэг хуулийн төсөл боловсруулж эхэлжээ.

Театр, чуулга, урлагийн байгууллагуудыг өөр өөрийн гэсэн онцлог дүр төрхөөр төрөлжүүлэхийг чухалчилж байгааг салбарын сайд бас тодотголоо. Урлагийн төрөл зүйлээр, орон нутгийн өвөрмөц онцлогоор ялгарсан “брэнд”-үүдтэй болох үүрэг чиглэлийг харъяа байгууллагууддаа өгчээ. Музейн салбарт соёлын гэрээт харуулын үйлчилгээ нэвтрүүлэх, палеонтологийн олдвороос хэв авч музейн үзмэр бүтээх үйлдвэр байгуулах гэх мэт бүтээлч зорилтуудтай ажиллаж байна. Сор болсон үнэт үзмэрүүдээ гадны орнууд руу хараа хяналтгүй гаргадаг байдлыг таслан зогсоож, алдсан үзмэрүүдээ эргүүлэн авах, нөгөө талаас үзмэрүүдийнхээ үнэлгээг шинэчилж, даатгалтай, хамгаалалттай болгох нүсэр ажлыг яамныхан гардан хийж байна.

Биеийн тамир, спортын чиглэлд баг тамирчдаа дэмжих бодлогоос гадна спортын барилга байгууламжуудыг засч тордох, шинээр томоохон төвүүд байгуулах, спортын хэрэгслийн үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийнэ. 2040 он гэхэд эх орондоо олимпийн наадам зохион байгуулах “үндэсний мөрөөдөл”-ийг биелүүлэхийн тулд олон шалгуур давах, наана нь 2021 онд Зүүн Азийн наадам, 2033 онд Дэлхийн оюутны Универсиад наадмыг нийслэлдээ хүлээн авахаар өрсөлдөх ажлын эхлэлийг ч тавиад байгаа аж.

Хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн аялал жуулчлалын салбарт ойрын жилүүдэд үсрэнгүй дэвшил гарна, Монголынх гэж онцгойрох брэндүүдээрээ олон улсын өрсөлдөөнд ялгарч эхэлж байгаа гэж Ц.Оюунгэрэл сайд хэллээ. Палеонтологи, археологийн үнэт олдворуудаараа аялал жуулчлалын томоохон урсгалыг татна, аялал жуулчлалын календарь гаргаж, түүнд тусгагдсан арга хэмжээнүүдээ тогтсон хугацаанд зохион байгуулдаг болно, аяллын гол чиглэлүүдийн дагуу олон улсын жишигт нийцсэн түр амрах, буудаллах цэгүүд байгуулж “ая тухын дэд бүтэц” бий болгоно. Энэ бүхний үр дүнд манай улс тусгай сонирхлын аялал жуулчлалын нэг гол чиглэл болно.

Ийнхүү сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд төрийн бодлогоос орхигдож, мэргэжилдээ сэтгэлээ өгсөн хүмүүсийн бор зүрхээр явж ирсэн соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогыг нэг дээвэр дор зангидаж, Монголын брэндүүд бий болгохоор ССАЖЯ-ныхан ажиллаж байгааг танилцуулсны дараа сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.

Сэтгэгдэл