Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

     1996 онд батлагдсан Төрөөс баримтлах соёлын бодлогыг  16 жилийн дараа буюу 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр  Улсын Их Хурлын 52 дугаар тогтоолоор шинэчлэн баталсны дараахан УИХ-ын сонгууль болж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан нь соёлын бодлогыг шинэлэг байдлаар, ард иргэдэд мэдрэгдэхүйц ил тод, нээлттэй, эрчимтэй хэрэгжүүлж эхлэх урьдач таатай нөхцөл болсон юм. Улс эх орны нэрийг дэлхийд гаргадаг соёл урлагийн салбарыг бие даасан бүтцээр хөгжүүлж, монгол брэнд гэсэн нэрийн хуудсыг бий болгох, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёлын өвийг хамгаалах, хууль бусаар гадаадад гаргасан соёлын өвөө эх орондоо эргүүлэн авчрах, материаллаг бүтээн байгуулалтыг өрнүүлэх асуудлыг Засгийн газрын 2012-2016 оны  үйл ажиллагааны хөтөлбөрт түлхүү тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

       Эрх зүйн орчин Соёл урлагийн тухай,  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эх хэлний тухай, Киноны тухай, Үндэсний соёлын уламжлалт мэдлэг, илэрхийллийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд Номын сангийн тухай, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг бэлэн болгож Засгийн газарт өргөн бариад байна.

Эдгээр хуулийн төслүүд нь монголын нүүдэлчдийн уламжлалт сонгодог, үндэсний соёлоо дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлэх, үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, монгол хүний хөгжлийг дэмжсэн, хөрөнгө, санхүүгийн хувьд өөрийгөө тэтгэх, мэргэжлийн өндөр түвшний, өрсөлдөх чадвар бүхий урлаг, соёлын төрийн болон төрийн бус байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлэх соёлын бодлогын зарчим, үндсэн чиглэл, зорилтыг практик амьдралд хэрэгжүүлэх, улмаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг иргэн бүр дээдэлж хайрлан хамгаалагч, бүтээгч, хүртэгч, хүртээгч,  түгээн дэлгэрүүлэгч байх эрх зүйн бодит боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. 

       Хөрөнгө оруулалт Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй номын сангуудад 200 гаруй нэрийн 1,6 тэрбум илүү төгрөгийн шинэ номын баяжилт хийж, 600  компьютер, 23000 ширхэг тоног төхөөрөмж, орон нутгийн 28 номын санд нүүдлийн номын сангийн үйлчилгээний зориулалттай автомашиныг тус тус олголоо. 10 аймгийн театр, чуулгад тус бүр 29 хүний суудалтай автобус, нийт аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагад дутуу байсан үндэсний хөгжим /их хуур, дунд хуур, морин хуур, эвэр бүрээ, шанз, ятга, хуучир, товшуур, ёочин, лимбэ, ардын болон баяжуулсан бишгүүр, хэнгэрэг/, 18 аймагт төгөлдөр хуур /роял/ олгов.  Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын гэрэлтүүлгийг шинэчиллээ.

      Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор монголын кино урлагийн шинэчлэлийн форумыг анх удаа зохион байгуулж, хуримтлагдсан асуудлыг хэрхэн гэтлэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ. Кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээх, жишиг цэг байгуулахад шаардлагатай орчин үеийн багц тоног төхөөрөмж худалдан авахад энэ онд 400.0 сая  төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Энэ хүрээнд150-250 суудалтай 70 Соёлын төвд тус бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий кино гаргалтын орчин үеийн аппарат, техник хэрэгсэл нийлүүлэн суурилуулж, газар дээр нь сургалт зохион байгуулах  ажлыг Сэлэнгэ аймгийн Баянгол, Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Багануур дүүргээс эхлүүллээ. Мэргэжлийн урлагийн төв байгууллагуудын  шилдэг уран бүтээлийг хөдөө орон нутагт хүргэж  үйлчлэхэд нь энэ жил анхудаа 300 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.

     Уран бүтээлч, соёлын ажилтныг дэмжих Нийт аймгийн театр, чуулгыг хамруулсан  “Сонгодог урлаг-2012” улсын уралдааныг Завхан, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Улаанбаатархотод бүсчилэн, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан,Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан, жүжгийн зохиолын уралдааныг холбогдох байгууллагатай хамтран тус тус зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

     Олон улсын хэмжээнийурлагийн их наадам, уралдаанд  оролцож  онцгой  амжилт  гаргасандуу, хөгжим, циркийн 26 уран бүтээлчид  243 сая,  2012 ондшилдгээр шалгарсан7 уран бүтээлчид “Мөнгөн мод” цом,  21 сая төгрөгийн мөнгөн шагнал гардууллаа. “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” уралдааны болзлыг дүгнэж, улс, аймагт шалгарсан 18 сумын Соёлын төв, 3 дүүргийн Соёлын ордныг урамшуулсан юм.Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дахь хадны агуйгаас түүх, соёлын дурсгалт зүйл болох мөнгөн завъя, савхан, шармал бумба, хорготой Аюуш бурхан зэрэг түүх, соёлын дурсгалыг илрүүлэн олж, улсын санд хүлээлгэн өгсөн Говь-Алтай аймгийн халиун сумын иргэн М.Алтантүлхүүрт Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах  тухай хуулийн дагуу 14,2 сая  төгрөгийн урамшуулал олголоо. Ном хэвлүүлэх, улсын санд худалдан авч фонд баяжуулах, шинэ уран бүтээл туурвих, уран бүтээлчдийг гадаадад уралдаан, тэмцээнд оролцуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.Сумдын номын санчдад зориулж “Номын сангийн программ хангамж”-ийн сургалтыг Архангай, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулж, программ хангамжийг гарын авлагын хамт хүлээлгэн өглөө. Энэ ажил бүх аймагт хийгдэх бөгөөд программ хангамж нь зөвхөн соёлын төдийгүй тухайн сумын бүхий л статистикийн мэдээ мэдээллийг төвтэй холбож, дамжуулж, түгээж байх юм.

     Соёлын өвийг хамгаалах.“Улс, аймгийн музейн сан хөмрөгт улсын тооллого явуулах тухай” удирдамжийн дагуу улс, аймгийн музейн захирал, бүртгэл-мэдээллийн санчдын сургалт, семинар хийж, улсын тооллогыг  2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр улс орон даяар зэрэг эхлүүллээ. Түүх, соёлын дурсгалт зүйл хадгалагдаж байгаа улс, аймгийн музей, сумдын орон нутаг сурталчлах танхим,  Эрдэнэзуу музей, Шанхын хийдийн сан хөмрөгийн улсын тооллого 2013 оны 6 дугаар сард дуусна. Улсын тооллогын үр дүнгээр цаашид түүх, соёлын дурсгалын бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг хэрхэн өөрчлөн сайжруулах талаар дүгнэлт, санал боловсруулж Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.

       Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музей байгуулж, ССАЖ-ын сайдын  шийдвэрээр тус музейн дүрэм, бүтэц, ажиллагсдын орон тооны дээд хязгаарыг батлан ажиллуулж эхэллээ. Тус музейн гол үзмэр болох хууль бусаар гадаадад гаргасан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворуудыг саяхан эх оронд нь авчирлаа. Манай түүхэнд анх удаа тохиолдож буй ярвигтай, бэрхшээлтэй, бас бахархалтай эл үйл хэргийг  төрийн тэргүүнээс эхлээд манай археологич, палеонтологич, музейн ажилтан, гадаадын байгууллага, хуульч, өмгөөлөгч гээд олон байгууллага, хүмүүсийн хичээл, зүтгэлээр гүйцэлдүүлснийг манай уншигч, үзэгчид мэдэх биз ээ. Цаашид хууль бусаар гадаадад гаргасан соёлын өвийг судалж, сурталчлах, сэргээн босгох, засварлах, эх орондооэргүүлэн авчрах, хууль бусаар гадаад гаргахаас сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх соёлын бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно.

      Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Өв хамгаалагч” хөтөлбөр, Үндэсний соёлын өвийг бүртгэн баримжуулах болон Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр, төслүүд боловсруулж байна. Соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргаж, улсын нэгдсэн бүртгэлийн цахим мэдээллийг хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын дотоод сүлжээтэй холбох зорилттой ажиллаж байна. Өмнө гарсан “Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмэй”, “Монголын уламжлалт бүжиг, бий биелгээ”, “Монгол тууль”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах”, “Сонгодог урлаг-II” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимыг 19,4сая төгрөгийн санхүүжилтээр дижитал техникээр тоноглов.

            Бүтээн байгуулалт.Соёлын өвийн төвийн зориулалтын шинэ барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, тус төвийг  шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган, “Соёлын өвийн бүртгэл-судалгааны үндэсний төв”, “Соёлын өвийг сэргээн засварлах урлан” байгуулан өргөтгөж ажиллуулах бэлтгэл хангаж байна. Энэ онд Гандантэгчинлэн хийдийн өргөтгөл болон 31 сумд Соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулна.  Ойрын жилүүдэд нийслэл Улаанбаатар хотод Байгалийн түүхийн музейн барилга, лаборатори, Үндэсний урлагийн ордон, Үндэсний номын сан, Хүүхэд, залуучуудын театр, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын ордон, Хүүхдийн кино театр, “Бөмбөгөр ногоон” тайзны урлагийн хүрээлэн болон нийт аймгийн төвд орчин үеийн стандарттай шинэ кино театр, 7 аймагт театр, чуулгын барилга, аймгуудад номын сан, музей, орон нутаг сурталчлах танхим, сүм хийд, сум, багийн Соёлын төв зэрэг 600 гаруй обьектыг шинээр барих, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, хуучныг засварлах урьдчилсан төлөвлөгөө боловсруулагдаад байна. Эдгээрийн дотор Хэнтий аймагт Чингис хааны дурсгалын цогцолбор, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Их майдар” цогцолбор, Археологи, палеонтологийн болон Хүннүгийн музей, ХХ зууны галерей, Хүүхдийн ордон, Чингис хааны ордон бүхий “Нүүдэлчдийн соёлын төв” цогцолбор, Дундговь аймагт Үлэг гүрвэлийн музей, парк, Баруун аймагт  Баруун бүсийн соёлын өвийн төвбарьж байгуулах, Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Их бурхант цогцолбор дурсгалыг сэргээн засварлах зэрэг томоохон барилга байгууламж багтаж байгаа юм.

       Улс орны түүх соёлын өвөрмөц онцлог, нүүр царайг дэлхий нийтэд таниулж, нэрийн хуудас нь болж байдаг  соёл урлагийн салбарын бүх шатны 821 байгууллага, 6400 гаруй ажилтан, мянга мянган ардын авьяастан, урчууд, төрийн бус байгууллагууд үндэснийхээ соёлын яндашгүй ариун нандин өвөө эгнэгт хайрлан хамгаалж, оюуны их бүтээн байгуулалтдаа алхам алхмаар шинэ амжилт бүтээл гаргаж, эх орныхоо цаг өдрөөр урагшлан буй хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах оргилуун, дэврүүн сэтгэл бодол,чин  эрмэлзлэлтэй байдаг билээ.

      

                     ССАЖЯАМНЫ СУБХЗГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Ц.ЖАРГАЛСАЙХАН                                      

Сэтгэгдэл