Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр “Их Майдар” сангаас санаачлан боловсрол, шинжлэх ухаан, соёл шашны байгууллагууд хамтран зохион байгуулж буй “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Сайд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эрдэмтэн судлаач, лам хувраг, оюутан залууст энэ өдрийн мэндийг хүргээд

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор хэрэгжиж буй “Их Майдар” төслийн хүрээнд бүтээн байгуулах Их Майдар цогцолбор нь соёл, аялал жуулчлалын томоохон төв болоод зогсохгүй тус төслийн хүрээнд хийгдэх ажлууд нь үндэсний уламжлалт өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлэх, тэднийг хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай 21дүгээр зууны иргэн болон төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт соёлын үнэт зүйлсийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, уламжлах, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний хөгжилд соёлын эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, гэр бүл, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино хэмээн тодорхойлсон байдаг.

Их Майдар сангаас Монголын соёлын өвийн салшгүй нэг хэсэг болсон Буддын соёлыг сэргээн үндэсний урлагийн гайхамшигт бүтээлээр залуу хойч үеийн гоо зүй, соёл урлагийн боловсролыг хүн төрөлхтөний соёлын дэвшилтэт ололтоор баяжуулан хөгжүүлэх, тэдэнд өвөг дээдсийнхээ оюуны соёл уламжлалыг өвлүүлэх зорилго тавьж нийгэмд хандсан олон идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь Монгол Улсын Засгийн газраас соёлын талаар баримтлах бодлоготой тохирч байгаад Соёл, спорт, аялал жуулчлалын сайд миний бие талархалтай байна.

Үндэсний бүтээн байгуулалт “Их Майдар” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн ба хүмүүнлэгийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаач нарыг оролцуулан “Майдарын Эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж буй нь цаг үеэ олсон чухал хурал болж байна. Хурлын үеэр гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаач нар өөрсдийн судалгааны бүтээлийн үр дүнг хэлэлцэх, нийгмийн хөгжилд буддын соёлын эзлэх байр суурь, хувь нэмрийг дээшлүүлэх талаар үр ашигтай санал зөвлөмжүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл