Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

  Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэдээс ирүүлсэн санал шүүмжлэлийн дагуу ССАЖЯаманд Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын технологийн асуудлаар сэргээн засварлах үйл ажиллагаатай холбогдох  талууд хамтран  хуралдав.   

        Энэхүү хуралд Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэж буй “Сүлд Уул” ХХК-ийн захирал Л.Энх-Уяа, “Сүлд проект” ХХК ерөнхий архитектор Г.Нямцогт, Соёл  урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Г.Дамчаа, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, Чойжин ламын сүм музейн захирал Н.Ангирмаа болон ССАЖЯамны холбогдох удирдлага, мэргэжилтэн нар  оролцож тус музейн сэргээн засварлалтын технологийн асуудлыг  авч хэлэлцжээ.

        Чойжин ламын сүм музейн хэрмийн  нийт  урт 415 метр, 4 тал, нийт 126 хэсэгтэй бөгөөд тусгаарласан нэг хэрэмтэй.  Чойжин ламын сүм музейн хэрмийн хэсгүүдийг 1960-аад он, 1988 он, 2012 онд тус тус сэргээн засварлаж байсан аж.

 

         Одоогоор хэрмийн 126 хэсгийн 69 нь  түүхий болон хөх тоосго, 57 нь улаан тоосгоор баригдсан байдалтай байна.  

        Хэрмийн сэргээн засварлах үеийн нөхцөл байдлыг хурлаар авч хэлэлцээд 2012 онд БСШУЯамнаас шийдсэн технологийн горимыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна.

    Тиймээс сэргээн засварлалтад зайлшгүй орох шаардлагатай ханын хэсгүүдийн ялзарч, нурж, элэгдэж муудсан хэсгийг шинэчлэх, технологийн горим өмнө батлагдсан ёсоор үлдээхээр боллоо. Харин хэрмийн анхны технологи, материалаар  үлдээж болох тодорхой хэсгүүдэд бэхжүүлэлт хийн эх төрх байдлаар нь хадгалж үлдээхийг Чойжин ламын сүм музейн захирал Н.Ангирмаа, “Сүлд уул” ХХК-ийн  захирал Л.Энх-Уяа нарт сайд Ц.Оюунгэрэл даалгасан юм.

        Дашрамд сонирхуулахад “Сүлд-Уул” ХХК нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  бөгөөд Эрдэнэ зуу хийд, Төвхөн хийд, Балдан бэрээвин хийд, Дамбадаржаалин хийд зэрэг томоохон сүм хийдийн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

 

Сэтгэгдэл