Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр Тираннозавр Батаартай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Нэг үе дуулиан дэгдээгээд байсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос хууль бусаар гаргасан асуудлаар тун удахгүй шүүх хурал болох гэж байгаа ажээ.

-Тираннозавр Батаарын араг ясыг Монголоос хууль бусаар гаргасан хэрэг юу болж байгаа вэ?

-Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол үлэг гүрвэлийн ясыг Монголоос хууль бусаар гаргасан хэрэгт сэжиглэгдээд байгаа Эрик Прокопи Нью-Йорк хотын шүүхэд хандаж “АНУ-ын Засгийн газар “Хэритэж Аукшин” компанийн байранд байсан Тираннозавр Батаарын ясыг хурааж авсан нь хууль бус байсан” гэсэн гомдлыг гаргасан. Үүний дараагаар Монгол Улсын Засгийн газарт хандаж “Үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсын өмч гэж үзэн АНУ-ын Засгийн газар хурааж авсан. Хэрвээ та бүхэн үүнийг үнэхээр Монгол Улсынх мөн гэдгийг баталж чадвал бид Эрик Прокопийн өргөдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин нотолж чадахгүй бол үлэг гүрвэлийн араг яс Эрик Прокопийнх болж магадгүй байна” гэсэн захидлыг өнгөрсөн есдүгээр сард ирүүлж байсан. Үүний дагуу Хууль зүйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтарч ажиллан үлэг гүрвэлийн яс Монголынх гэдгийг нотлох олон баримт явуулсан. Үүний дараа арваннэгдүгээр сарын 13-нд Нью-Йорк хотын шүүгч П.Кевин Кастел шийдвэр гаргаж Эрик Прокопийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

-Эрик Прокопийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шалтгаанаа шүүгч хэрхэн тайлбарласан бол?

-Шүүгч тайлбартаа 2012 оны зургадугаар сарын 22-ны өдөр Эрик Прокопигоос хурааж авсан Батаарын араг яс нь Монголд харьяалагдана гэдэг нь араг ясны өнгө, Олон улсын шинжээчдийн гаргасан дүгнэлтээр батлагдаж байна. Мөн Эрик Прокопи өөрөө Монголоос үлэг гүрвэлийн яс хайж, хэд хэдэн удаа тэнд очиж малтлагын ажил хийж байсныг нотлох баримт Монголоос ирсэн нь Эрик Прокопи Батаарыг Монголынх гэдгийг мэдсээр байж худал мэдүүлэн АНУ-д оруулж ирсэн байх үндэслэлтэй гэж үзсэн байна лээ.

-Эрик Прокопи баригдахдаа Монгол Улсыг басамжилсан зүйл хэлж байсан гэдэг?

-Эрик Прокопи өргөдөлдөө “Араг яс Монголынх байх ёсгүй. Энэхүү араг яс нь 75 сая жилийн өмнөх эд. Гэтэл Монгол Улс дөнгөж 1921 онд байгуулагдсан” гэсэн басамжилсан нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг шүүх няцаасан. “ Хэдийгээр араг яс 75 сая жилийн өмнөх боловч энэ ясыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс 1995-2005 оны хооронд малтан гаргасан нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байна. Эндээс үзвэл Монгол Улс холбогдох хуулиа баталснаас хойш энэхүү араг яс хулгайн замаар гарсан байх магадлалтай байна. Иймээс Эрик Прокопи Монголын хуулийг мэдсээр байж зөрчсөн. АНУ-ын хууль болон ОУ-ын хууль дүрмийг мэдсээр байж зөрчсөн гэдэг нь нотлогдож байгаа учраас шүүгч тайлбар гаргаад байгаа.

-Эрик Прокопийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн үр дагавар юу вэ?

-АНУ-ын Засгийн газар үлэг гүрвэлийн араг ясыг хурааж авсан нь зөв гэсэн шийдвэр гаргалаа гэсэн үг. Тиймээс АНУ-ын Засгийн газрын гаргасан нэхэмжлэлээр дараагийн шүүх хурал явна. АНУ-ын нутаг дэвсгэр дээр өөр улсаас хулгайлагдаж ирсэн зүйл зарагдсан учраас үүнийг Эрик Прокопигоос бүр мөсөн хурааж Монголын талд буцаая гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнийг хэлэлцэх шүүх хурал энэ арванхоёрдугаарр сард болоход ямар нэг саад байхгүй боллоо гэсэн үг.

-Эрик Прокопид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг үү?

-Тийм. Эрик Прокопид АНУ-ын прокуророос худал мэдүүлэг өгсөн, гааль дээр худал мэдүүлсэн, их хэмжээний үнэт зүйлийг олон улс дамнуулан хулгайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоовол Эрик Прокопид 23 жилийн хорих ял оноох хэмжээний хэрэг үүсгэнэ. 

-Эрик Прокопийн шүүх хурал хэзээ болох вэ?

-Батаарын араг ясыг Монголд буцаах эсэх талын шүүх хурал одоо энэ арванхоёрдугаар сард болно. Ясыг Монголынх гээд буцаавал Эрик Прокопид хэрэг үүсгэх тухай дараагийн асуудал яригдах байх.

Сэтгэгдэл