Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

      Өнөөдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал 5 дугаар сарын 9-ны өдөр буюу ялалтын баяраар Түвдийн Шиша Пангма ууланд үндэснийхээ дээлтэй авирч төрийнхөө далбааг мандуулаад ирсэн уулчин Ө.Батманлай болон 5 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд Грек улсад болсон дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний 7 насны ангилалд аварга болсон Е.Төгстөмөр хүүг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
      Дэлхий дээр 8000 метрээс дээш өндөртэй 14 уул байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Шиша Пангма уул юм. Одоогийн байдлаар эдгээр 14 уулан дээр гарч үзсэн ердөө хоёрхон л уулчин байдаг ажээ.
       Манай улсын хувьд эдгээр 14 уулны 3 оргил дээр нь л хөл тавиад байгаа юм.
Шиша Пангма ууланд авирхаар нийт 16 орны уулчид цугласан ба Ө.Батманлайн баг 8 гишүүнтэй байсан бөгөөд оргилд зөвхөн 2 нь л хөл тавьсаны нэг нь Ө.Батманлай өөрөө юм. 16 орны уулчдаас нэг хүний амь эрсдэж, 4 хүн гар хөлөө хөлдөөсөн гэж байна.
     2006 онд Балба улсын уулчин анх удаа дээлтэй ууланд авирч Оргилд нь хүрээд бууж явахдаа амь эрсэдсэн харамсалтэй хэрэг гарч байсан бөгөөд Ө.Батманлайн хувьд үндэснийхээ дээлтэй ууланд авирч, оргилд нь хүрч эсэн мэнд бууж чадсан анхны хүн боллоо.
     Шиша Пангма уул нь 8027 метр өндөртэй бөгөөд уулчин Батманлай нь 4 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл нийт 24 өдөр авирч оргилд хүрчээ. Энэ хугацаанд 6045, 7100, 7400 метрийн өндөрт нийт 3 отго байгуулсан байна. Цаг агаарын хувьд хатуу ширүүн, салхи шуургатай -24-30 градус хүйтэн байсан гэж байна.
    Уулчин Ө.Батманлай нь Завхан аймгийн харъяат бөгөөд Шиша Пангма ууланд авирах бэлтгэлээ өөрөө хийж, зардал мөнгөө ч өөрөөсөө гаргасан гэж байна. Мөн тэрээр хүчилтөрөгчийн аппарат хэрэглээгүй, хөлсний ажилчид аваагүй, өөрийнхөө хүчээр, олс тавилгүй гарсан, 3 отгоо өөрөө байгуулж, ганцаарчилсан авиралт хийсэн гээд олон онцлог давуу талтай авиралтыг хийгээд иржээ.
     Шиша Пангма ууланд гарахдаа өмссөн түүний дээл хувцас, төрийн далбааг Завхан аймгийн музейд байршуулахаар төлөвлөж байгаа юм байна.


    Харин Е.Төгстөмөр хүүгийн хувьд 2 наснаасаа эхлэн шатраар хичээллэж эхэлсэн ба 4 наснаасаа эрчимтэй хичээллэх болжээ. Энэ удаагийн Грек улсад болсон дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд нийт 600 гаруй хүүхэд оролцсон бөгөөд 7 насны ангилалд 47 хүүхэд оюун ухаанаа уралдуулсан байна. Е.Төгстөмөр хүү нийслэлийн 33-р сургуулийн 1г ангид суралцаж байна. Тэрээр Украйн улсын гавъяат дасгалжуулагч ХБНГУ-ын иргэн Леонид Роговойн удирдлаган дор хичээллэдэг юм байна. “Цодгор хүү-2013” уралдааны 11 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль, Шри Ланкад болсон Ази тивийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль тус тус хүртэж байжээ. Мөн тэрээр аварга болсноор Дэлхийн Шатрын Холбооны дэд мастер цол хүртэж байгаа нь хамгийн залуу дэд мастер болж шатрын түүхэнд нэг шинэ хуудас нээлээ.


    Эдгээр оюуны болон хүчний спортын шилдэгүүдэд ССАЖ-ын дэд М.Түмэнжаргал улам их амжилтийг хүсэн ерөөж, гаргасан амжилт бүрээ бататгаж улс орныхоо нэрийг өндөрт өргөх бүрт чинь бид бүхэн та нараар бахараж явах болно гэдгийг дуулгаад дурсгалын зураг татууллаа.

Сэтгэгдэл