Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

70 гаруй сая жилийн настай Тарбозавр батаар үлэг гүрвэлийн олдворыг тавдугаар сарын 17-ны шөнө “Кореан эйр”-ийн онгоцоор эх нутагт нь  эргүүлэн авчирлаа. Тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотнoo энэхүү олдворыг Монголын тал хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа Улаанбаатарт авчирч байгаа нь энэ юм.

Бүтэн жилийн турш дуулиан дагуулсан жинхэнэ Баатар болох, бас араасаа бүхэл бүтэн сүрэг динозавр дагуулж буй Тарбозавр Батаарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, цагдаа, гааль, даатгалын ажилтнууд хүлээн авсан юм.

 

 

“Кореан эйр”-ийн 867 дугаар нислэгээр Тарбозавр Батаарын араг ясыг долоон ширхэг хайрцагт агуулан ирүүлжээ. Батаарын олдворыг тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах газрын агуулахаас Нью-Йоркийн Сурраундарт компанийн байр руу ачуулж баглах боох ажлыг албан ёсоор хийлгэжээ. Сурраундарт компани нь урлагийн бүтээл, шинжлэх ухааны олдвор, эмзэгнарийн материалыг баглах боох ажлаар мэргэшсэн тусгай хамгаалалт бүхий хувийн компани бөгөөд түүгээр АНУ-ын томоохон музей, төрийн байгууллагууд үйлчлүүлж заншсан юм байна.

 

Батаарыг эх оронд нь авчрахад “Кореан эйр”, “Туушин” компаниуд тээвэрлэлтийн талын ажлыг хариуцаж, “Бодь даатгал” ХХК даатгалыг, “Blue star” констракшн Сүхбаатарын талбайд байгуулж буй түр музейн барилга угсралтын ажлыг дааж, М-Ойл ХХК Үлэг гүрвэлийн түр музейн ивээн тэтгэгчээр тус тус ажиллаж байна.

Үлэг гүрвэлийн олдворыг нийслэлийн гаалийн баталгаат агуулахад түр хадгалахаар “Туушин” компанийн тусгай зориулалтын машинаар Буянт-Ухаагаас хөдөлсөн юм. Эх нутагтаа ирсэн Тарбозавр Батаарыг бүхэл бүтэн цуваа дагалдан Гаалийн баталгаат агуулахад хүргэж ирлээ. Агуулахад ирэх үед тавдугаар сарын 18-ны 00:00 цаг өнгөрч байв. Сураг нь дуулдсанаас хойш яг нэг жилийнхээ ой дээр, зуны тэргүүн сарын шинийн наймны бэлэгт сайн өдөр ийнхүү Тарбозавр Батаар Монголдоо хүрч ирсэн нь бэлгэшээлтэй хэрэг болсон юм.

Тарбозавр Батаарыг ирэх зургадугаар сарын 1-нд хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дахь түр музейд байршуулан олон нийтэд үзүүлэхээр болоод байна.

 

Share

Сэтгэгдэл