Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын Засгийн Газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад” III их наадам 2012-2013 оны хичээлийн жилд Монгол улсын бүх их дээд сургуулиуд дээр 3-н үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Оюутны “Универсиад” их наадмын бүх шатны тэмцээнүүдэд 100 орчим их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуучууд оролцсон байна.

Наадмын хаалтын ёслол, шагнал гардуулах арга хэмжээ 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15,00 цагаас Спортын төв ордны “А” зааланд явагдахаар боллоо.  Хаалтын ёслолд наадмыг ЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр, ССАЖ-ын Дэд Сайд М.Түмэнжаргал, наадмын ЗБХ-ны дэд дарга, БШУ-ны дэд Сайд Б.Ургамалцэцэг, ЗБХ-ны гишүүн, ГХЯ-ны газрын дарга Н.Төгсбилгүүн, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан,  ЗБХ-ны гишүүд, их, дээд сургуулийн ректор, захирал, багш бусад албаны хүмүүс наадмын хаалтын ажиллагаанд оролцох юм.

Наадмын шигшээ тэмцээнүүд цана, тэшүүр, шатар, волейбол, сагсан бөмбөг, жудо, гандбол, бокс, заалны хөл бөмбөг, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, модон бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик гэсэн спортын 15-н төрлөөр 2013 оны 1 дүгээр сарын 25-наас 5 сарын 12-ны өдрийг хүртэл эх орон даяар амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадмын шигшээ тэмцээнүүдэд нийслэл, хөдөө орон нутгийн 62 их, дээд сургууль, коллежиудаас шалгарсан 2276 оюутан тамирчид өрсөлдөв. Тамирчдыг 176 дасгалжуулагч, багш удирдан оролцсон ба тэмцээнүүдэд 263 шүүгч оролцжээ.

Наадмыг Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд , Гадаад хэргийн сайд, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан нэгдсэн зааврын дагуу явуулж Монголын оюутны холбоо, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв, спортын холбоод, их, дээд сургууль, коллеж, спорт клуб зэрэг байгууллагууд их наадмыг хамтран зохион байгуулсан юм.  

Универсиад наадам зөвхөн үндэсний хэмжээнд явагдаад зогсохгүй гадаад орнуудад суралцаж байгаа Монгол оюутан залуучуудын дунд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын 3-н төрлөөр Москва хотноо 2013 оны 4 сарын 30-ний өдрөөс 5 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд “Европийн бүсийн оюутны спортын наадам”-д  20 багийн 322 тамирчин, Бээжин хотноо 2013 оны 4 сарын 26-28-ны өдрүүдэд “Азийн бүсийн оюутны спортын наадам”-д 5 улсын 176  тамирчин тус тус өрсөлдөж бүсийн наадмыг Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-д ЭСЯ-тай хамтран зохион байгуулжээ.  

Наадмын нэгдсэн дүнг баг онооны системээр гаргахад тэргүүн байранд 44,5 оноогоор Г.Лхагвасүрэн захиралтай Үндэсний биеийн тамирын дээд сургууль, хоёрдугаар  байранд 54 оноогоор Шинжлэх ухаан технологийн их сургууль /Н.Батбаяр, гуравдугаар байранд 66 оноогоор Б.Жадамбаа захиралтай Монгол улсын Боловсролын их сургууль, дөрөвдүгээр байранд 72,5 оноогоор хошууч генерал Я.Чойжамц захиралтай Батлан хамгаалахын их сургууль, тавдугаар байранд 98,5 оноогоор гавьяат тамирчин Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль, зургаадугаар байранд 172,5 оноогоор Хөдөө аж ахуйн их сургууль / Т. Хэрүүга/ тус тус эхний 6-н байрт шалгарч цом, медаль, өргөмжлөл 4,0-15,0 сая төгрөгний мөнгөн шагнал хүртэхээр болсон байна.    

Түүнчлэн наадмыг амжилттай зохион байгуулахад оролцсон хөдөө орон нутгийн 3 их, дээд сургууль, анхан шатны тэмцээнээ сайн явуулсан 3 их, дээд сургууль, тэмцээнүүдийг идэвхтэй сайтар зохион байгуулсан спортын төрлийн 4 холбоо, 10 гаруй байгууллага, оюутан тамирчид,  хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарт тусгай их наадмын тусгай шагнал, өргөмжлөлөөр шагнахаар болжээ.

  Үе тэнгийн оюутан залуучуудаа төлөөлөн ХААИС-ийн “Хатан Туул” бүжгийн хамтлаг, СУИС-ийн урлагийн тоглолт, БХИС-ийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлаг, ШУТИС, МУБИС-ийн аэробикийн тоглолт, ҮБТДС, Мон-Алтиус сургуулийн биеэ даасан тоглолт энэ үеэр болох юм. Түүнчлэн СУИС-ийн төгсөгч, залуу дуучин Б.Жавхлантөгс ая дуугаа өргөнө.

Хаалтын ажиллагааны эцэст  ОХУ-ын Казань хотноо 2013 оны 7 дугаар сар 6-17-ны өдрүүдэд болох дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадамд оролцох Монголын оюутан тамирчдын төлөөлөгч нарт  УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар Монгол улсын төрийн далбааг гардуулах юм. Төрийн далбааг их наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн ахлагч ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, “Универсиад-2011” оны  их наадмын мөнгөн медальт, ОУХМастер, ШУТИС-ийн оюутан Н.Баяраад нарт  албан ёсоор гардуулж өгөх юм. Монголын баг тамирчид “Казань-2013” наадамд спортын 15 төрлөөр 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор үндэсний “Универсиад” наадмаас эрхээ авсан ажээ.

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл