Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын биеийн тамир, спортын салбарын ахмадын улсын ээлжитIII  чуулга уулзалт 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Улаанбаатар чуулга”-д боллоо. Чуулганд нийслэл, аймаг, дүүргийн БТС-ын байгууллага, спортын холбоо, БТС-ын дээд сургуулийн ахмадын зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. Монголын биеийн тамир, спортын салбарын ахмадын анхдугаар чуулга уулзалтыг 2005 онд амжилттай зохион явуулж байсан билээ. Уг чуулга уулзалтанд ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, БТБХЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, Монголын биеийн тамир, спортын ахмадын хорооны дарга Монгол улсын спортын гавъяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр зарим хүмүүсийг ССАЖЯамны жуух бичиг болон Спортын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнасан юм.

МОНГОЛЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АХМАДЫН УЛСЫН III ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧДООС ГАРГАСАН УРИАЛГА

Биеийн тамир, спортын Ахмадын Улсын III чуулга уулзалтанд оролцогчид бид залгамж хойч үеийнхэндээ болон Монгол Улсын төр засагт хандан биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд дараах үйлсийг өрнүүлэн хөгжүүлнэ үү хэмээн энэхүү уриалгыг гаргаж байна.

1.       Монгол улсын баг тамирчид “Бээжин - 2008” оны зуны XXIX олимпийн наадамд амжилтгай оролцож 3 алт, 2 мөнгө, “Лондон - 2012” оны зуны XXX олимпийн наадмаас 2 мөнгө, 3 хүрэл медаль авч урьд өмнө гаргаж байгаагүй амжилт үзүүлсэн нь Монголчуудын авъяас чадвар, эрчис хүч, бие бялдрын гайхамшгийг түүхэнд тэмдэглэн үлдээлээ. Энэ нь манай үе үеийн биеийн тамир, спортын салбарт ажиллаж байсан ахмад зүтгэлтнүүдийн амьдрал тэмцлийн үр дүн болж, залгамж үеийнхний цаашид улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлийн уриа дуудлага боллоо.

2.       Монгол улсын биеийн тамир, спортын түүхийн үнэт өв, үзвэр бүхий “БТС-ын түүхийн музей” байгуулах ажлыг төр засаг өөрийн ивээлдээ авч зохион байгуулах ажлыг албан ёсоор зарлаж өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эх орныхоо спортод элэгтэй хүн бүхэнд уриалж байна.

3.       Биеийн тамир, спортын үйл хэргийг монгол орны нэр хүндтэй холбон үзэж “Монгол улсын ардын тамирчин”, “Монгол улсын Спортын гавъяат зүтгэлтэн” цолыг бий болгохыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч нааштайгаар шийдвэрлэхийг хүсэж байна.

4.       Спортын медалийн нэр хүндийг дээшлүүлэх үүднээс медалийн зэрэглэлийн тогтолцооны стандартыг бий болгон батлан гаргах нь зүйтэй хэмээн үзэж зөвхөн УАШТ-ээс дээшхи түвшинд медаль олгодог болох талаар судлан шинээр журам боловсруулах нь зүйтэй хэмээн мэдэгдэж байна.

5.       “Хөдөлгөөн эрүүл мэндийн дээд, төрийн тулгуур” гэдэг үнэт үгийн цаад утга учрыг хүн арддаа хүргэхэд биеийн тамир спорт, Төр нийгмийн зүтгэлтнүүд манлайлж хүн төвтэй, үнэтэй бүхнийг шингээсэн Төр засгийг цогцлон байгуулах ариун үйлсэд хувь нэмэр оруулцгааж, ахмад үеийнхэн бид үлгэрлэн манлайлах ёстой гэдгийг сонордуулж байна.

МОНГОЛЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АХМАДЫН УЛСЫНIII ЧУУЛГА

УУЛЗАЛТАД ОРОЛЦОГЧИД

 

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДООР

Монголын биеийн тамир, спортын ахмадын хорооны сахиусан бэлгэдэл онцлох тэмдгийн агуулга.

Эртний бөх баатар эр нум, сумаа агсаж, эмээлт хурдан хүлгийн зоон дээр, их эзэн богд Чингис хааны эрдэнийн сүлд цагаан тугийг гартаа атган, алс тэртээг сонордон ширтэж байгаагаар “Эрийн гурван наадам”-аа бэлэгшээн дүрслэв.

Доод хэсэгт эх газрыг төлөөлүүлэн бадамлянхуа цэцгийн дэлбээг дэвсэж, эртний Грекийн баатруудын ялагдашгүйн бэлгэдэл мөнх ногоон лаврын навчаар хүрээлж, навчаас Олимпийн таван өнгийн солонго цацарч, түүний оройд Монгол түмний гал голомтыг залгамжлагч ашид мандан бадрахын бэлгэдэл “Соёмбо үсэг”-ийг байрлуулж Монголын Биеийн тамир, спортын ахмадын хорооны онцлох сахиусан бэлгэдэл болгон шүтээнчлэв.

Энэхүү бэлгэдлийг Ахмадын хорооны дарга Ц.Даржаагийн сэтгэмж, зөвлөснөөр Гоц авъяастан доктор Н.Баатарцогт, Бурхан урлаач Б.Тулга нар хамтран бүтээв.

2009.03.16

Улаанбаатар хот

Сэтгэгдэл