Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

                 Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, театрын урлагийн ахмад ажилтан Авирмэдийн Таяа 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, монголын театрын урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.

               А.Таяа нь 1926 онд Увс аймгийн Түргэн сумын нутаг Хавчиг өтөг хэмээх газар төржээ. Тэрбээр бага насаа эцэг эхийн асрамжинд өнгөрүүлж, сумын бага сургуульд суралцан улмаар 1945 онд хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 23 дугаар морьт хороонд алба хааж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцон эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан  ахмад дайчин юм.

            А.Таяа нь 1949 ондСанхүү эдийн засгийн техникумыг Нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1949-1951 онд Эстрад концертын товчоонд нягтлан бодогч, 1951-1959 онд Урлагийн хэрэг эрхлэх хороо, Соёлын яаманд ерөнхий нягтлан бодогч, 1959-1963 онд Улсын хөгжимт драмын театрын дарга, 1963-1990 онд Улсын драмын академик театрын дарга, 1990 оноос Монголын Урлагийн ажилтны холбооны сангийн захирагчаар тус тус ажиллаж байлаа.

            А.Таяа нь ийнхүүсоёл урлагийн байгууллагад тасралтгүй 50 гаруй жил ажиллахдаа Хөгжим бүжгийн дунд сургууль байгуулах, Улсын багшийн дээд сургуульд кино драмын жүжигчний тэнхим нээх, Бүгд Найрамдах Болгар Ард Улсад дуурийн дуучид бэлтгэх, Москвагийн Театрын урлагийн дээд сургуульд оюутан сургах, төв орон нутагт мэргэжлийн урлагийн байгууллагыг байгуулах,  боловсон хүчнээр хангах, соёл урлагийн үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, театрын урлагийг сурталчлах, удирдлага зохион байгуулалтыг нь боловсронгуй болгох талаар идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн нь үр дүнгээ өгч төр засаг, олон нийт, уран бүтээлчдийн талархлыг ихэд хүлээж байсан билээ.

            А.Таяа нь театрын гадаад харилцааг өргөжүүлэн ОХУ-ын Буриад Улсын Хоц.Намсрайевийн нэрэмжит Драмын театр, Саха-Якут, Халимаг Улсын Драмын театруудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн уран бүтээл солилцох, айлчлан тоглолт хийх, фестиваль наадмуудыг амжилттай зохион байгуулж байсан хувь нэмрийг нь ОХУ-ны Буриад Улсаас өндрөөр үнэлж Буриад Улсын Соёлын гавъяат ажилтан цол тэмдгээр шагнасан юм.

            Түүний театрын урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнажээ.

            Талийгаачийн хамт олноо удирдах ухаан, цаг үргэлж театр урлагаа гэсэн хүсэл эрмэлзэл, авъяас билэг, хөдөлмөрч зан чанар, бусдын хайрыг татсан тусархаг цайлган цагаан сэтгэл, хөдөлмөрч, зарчимч зан чанар, гэгээн дүр төрх нь монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл, М.Түмэнжаргал,

П.Алтангэрэл, Н.Оргил, Д.Цэрэнсамбуу, Н.Сувд,

Ч.Чимид, Д.Цэндсүрэн

Сэтгэгдэл