Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 

Өнөөдөр 1230 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд  Лениний музейн асуудлаар цаг үеийн мэдээлэл хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгч нарын сонирхосон асуултад хариулт өгсөн юм.  Уг арга хэмжээнд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Цэвэлмаа, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны ахлах мэргэжилтэн Н.Батбаатар, соёл урлагийн салбар хариуцсан мэргэжилтэн Д.Түвшинбаяр нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд дээрх үйл ажиллагааны үеэр тараагдсан хэвлэлийн мэдээг танилцуулж байна.   

 

                                              Хэвлэлийн мэдээ

Лениний музейд хадгалагдаж байгаа соёлын өвийн талаар ССАЖЯ-наас та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:

ССАЖЯ  В.И.Лениний музейн талаар цуглуулсан баримтадаа тулгуурлан:

Лениний музей нь түүх соёлын дурсгалт зүйлд зориулсан байгууламж бөгөөд, энэ зориулалтаар Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан гэж үзэж байна.

-       Лениний музейн барилгын захиалагч: БНМАУ-ын Соёлын яам

-       Санхүүжүүлэгч байгууллага: Монгол банк

-       Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв, 1974-1980

-       Захиалагчийн төлөөлөгч: Соёлын яамны барилга захиалагчийн газар

-       Барилгын захиалагчийн огноо: 1974-01-15-наас 1980-07-09

-       Барилгын гүйцэтгэгчид: Улаанбаатар хотын ТТБҮТ, ЦСУНТ,НАБТ

-       Зураг төсөл: УБЗТИнститутын 160, 97а,б, 228, 236, 6, 7а,б, номерын төсвүүд болон 3872 номерын зураг

-       Барилгыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон: БТБШ газрын 1974-02-15

-       Барилгын гол хийцүүд: цутгамал төмөр бетон хучилттай, цемент,хар цаасан тусгаарлалттай хийгдсэн.

В.И.Лениний музейг ашиглалтанд хүлээлгэж өгөх Засгийн газрын комиссоос 1980 онд барилгыг хүлээн авсан Намын түүхийн институт нь “ашиглагчийн” статустай байсан бөгөөд өдгөө МАН уг барилгыг дамжуулан ашиглаж байна.

- В.И.Лениний музейг Соёлын яам захиалж, улсын төсвийн мөнгөөр барьж байгуулсан бөгөөд өөр байгууллагын өмчлөлд шилжүүлэх тухай тухайн үеийн Засгийн газрын тогтоол буюу “Сайд нарын зөвлөлийн тогтоол” гараагүй. Барилгыг зөвхөн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор өмчлөлийг шилжүүлдэг журамтай байсан. 1980 онд энэ тогтоолыг Сайд нарын зөвлөл гаргаагүй байдаг.

В.И.Лениний музейг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлж байсан.

    -  В.И.Лениний музейг анх Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1967 онд Шинжлэх ухааны академи байгуулжээ. ШУА нь улсын төсвөөс санхүүжиж байсан бөгөөд одоо ч улсын төсвөөс санхүүжиж байна.

      -  В.И.Лениний музейн шинэ барилгыг баригдаж байх явцад улсын төсвийн хөрөнгөнөөс уг музейн үйл ажиллагааг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийн ялдамд үзмэр худалдаж авахад нь төсөв гаргаж байв.

     - 1988 онд Лениний музейн барилгыг ашиглаж байсан Намын түүхийн институт Лениний музейн барилгаас гарч одоогийн Дээд шүүхийн барилгад нүүн очсоны дараа ч Лениний музей хэвээр ажиллаж, улсын төсвөөс санхүүжсэн хэвээр байв.

   - Намын түүхийн институт, Намын архив, Лениний музей, Намын дээд сургууль, Намын төв хороо хэмээх байгууллагууд 1990 оныг хүртэл улсын төсвөөс байнга санхүүжиж байжээ. Ялангуяа Намын төв хороог санхүүжүүлж байсан улсын төсвийн хэмжээ хамгийн их байсан байна. Лениний музейд ажиллаж байсан бүх хүмүүст төрийн байгууллагад ажилласнаар тооцож тэтгэвэр тогтоож байжээ.

       Тиймээс 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Монгол Улсын Төрийн Өмчийн Хорооноос Монгол Улсын Нийслэлийн Шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Шүүхийн магадлалыг дахин хянуулах тухай хүсэлтийг гаргаад байна.

Энэхүү хүсэлтээс дурдвал:

Хэрэгт байгаа нотлох баримтуудыг шүүж үзэхэд маргааны зүйлийн өмчлөгч /захиалагч/ нь аль байгууллага болох талаарх баримт байхгүй байна. хэргийн 70-71 дүгээр талд байгаа “В.И.Лениний музейг ашиглалтад хүлээлцүүлсэн Засгийн Газрын комиссын акт”-д “...” 1980-07-09-ний өдрөөс АШИГЛАГЧ Намын түүхийн институтын байнгын АШИГЛАЛТАД шилжүүлэхээр тогтов” гэжээ.

Гэтэл тухайн үйлчилж байсан Үндсэн хууль /1960/-ийн 10 дугаар зүйл, Иргэний хууль /1963/-ийн 60, 62 дугаар зүйлд зааснаар улсын байгууллагын эд хөрөнгө улсын өмчид гэж заажээ. Түүнчлэн Иргэний хууль /1963/-ийн 61 дүгээр зүйлд зааснаар “өмчлөгч нь эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан бий. Хуулийн зохицуулалтаас авч үзвэл дээр дурьдсан Комиссын актаар “АШИГЛАХ ЭРХ” –ийг Намын түүхийн институтэд шилжүүлжээ. Тэгэхээр эзэмших, захиран зарцуулах эрх нь өмчлөгчдөө үлдсэн гэж үзэхээр байна. Өмчлөгч буюу уг барилгыг захиалан   бариулсан этгээд хэн бэ? гэсэн асуулт эндээс төрнө.

      Хэрэгт авагдаагүй дараах баримтуудаас уг барилгын захиалагч буюу өмчлөгч нь БНМАУ-ын Соёлын яам буюу төр болох нь тодорхой харагдана. Үүнд:

1973-03-24-ний өдрийн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 18/58 тоотоор Соёлын яаманд В.И.Лениний музейн барилгын зориулалтаар газар олгосон баримт:

-       Барилгын газарт улаан шугам тавьсан акт;

-       В.И.Лениний музейг ашиглалтад оруулсан ажлын комиссын акт-17 хуудас;

-       1980-05-26-ны өдрийн Радио телефоны далд ажлын акт;

-       1980-04-29-ний өдрийн В.И.Лениний музейг тоноглосон кинодроекторыг байнгын ашиглалтад өгсөн акт;

-       1980-05-07-ны өдрийн Барилгын дотор гэрэлтүүлгийн угсралт хийж шалгасан акт, Далдлагдсан ажлын актууд гээд нийт 17 хуудас баримт.

ССАЖЯ-наас тухайн үеийн кино хальс, цуглуулсан баримт сэлтээс В.И.Лениний музейн үзмэрийг шүүн үзээд:   

-       Марзан Шаравын Сүхбаатарт зурж өгсөн Лениний зурагтай 90 ам метр зээгт наамал,

-       “Их замын үе шатууд” 60 тн жинтэй Хүрэл цутгамал. Ленинград хотод бүтээсэн.

-       Манай орны уран бүтээлчдийн туурвисан Ардын зураач Цүлтэмийн “Түүхт уулзалт” тосон зураг

-        Ардын зураач Амгалангийн “Капитализмыг алсгагч ” уран зураг

-       Сэнгэцохиогийн “Түмний төлөө уулзалт” уран зураг

-       Нанзадсүрэнгийн “Коминтерний төлөөлөгч” уран зураг

-       Гүрдоржийн “Брежнев” нэхий хайчилбар

-       Сүхбаатарын гантиг хөшөө баримал

-       Лениний намын бат илэрхийлэх болон анхны ном, ЗХУ-д суралцсан анхны оюутнуудын зураг гэх мэт 1974 оноос эхлэн тусгай төлөвлөгөөний дагуу цуглуулсан  5000 орчим  үзмэр, үзүүллэг, сан хөмрөг  байгаа гэсэн албан бус тооцоог гаргаад байна.

ССАЖЯ-наас соёлын өв, түүх дурсгалын үзмэрүүдээ хүлээн авах асуудлаар удаа дараа хүсэлт, албан бичгийг явуулсан  ч өнөөдрийг хүртэл уг ажлыг зохион байгуулах нөхцөл боломжоор МАН хангаж өгөхгүй байгаа нь соёлын өвийг устгаж, үрэгдүүлсэн байна гэж үзэхэд хүргэж байна.

Засгийн газрын 11 дүгээр тогтоолын дагуу ССАЖЯ-наас хийж хэрэгжүүлсэн ажлаас дурдвал:

ССАЖЯ Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Үлэг гүрвэлийн төв музей”-г байгуулан захиралаар нь Н.Жавзмааг томиллоо.  

Үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад музейн зориулалтаар баригдсан объект болох В.И.Лениний музейд байршуулах, уг барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэний дагуу ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарлаа.   

Энэхүү тушаалын ажлын хэсгийн ахлагчаар ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ажиллаж байгаа бөгөөд В.И.Лениний музейд хадгалагдаж байсан үзмэрийн тооллого хийх дэд ажлын хэсгийг  ССАЖЯ-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Цэвэлмаагаар ахлуулан мөн байгууллаа.

2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МАН-ын дарга Ө.Энхтүвшинд В.И.Лениний музейг хүлээж авах ажлыг зохих журмын дагуу эхлүүлэх, 1967-1980 онд улсын төсвөөс шууд санхүүжүүлж, тухайн үеийн Соёлын яамны захиалгаар баригдсан тус барилгыг чөлөөлж, төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн В И.Лениний музейн үзүүллэг, сан хөмрөгт хадгалагдаж байсан үзмэр, эд өлгийн зүйлсийг 2013 оны 2 дугаар сард багтаан тоо ёсоор хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж өгөх талаар албан бичиг  явуулсан.  

                2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлын хэсгийн ахлагч П.Алтангэрэл В.И.Лениний музейд хадгалагдаж байсан үзмэрүүдийг хүлээн авах ажлыг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1100  цагт эхлүүлэн хүлээн авах талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшинд албан бичиг явуулсан ч тухайн өдөр МАН-аас ажил хүлээлцэх хүн ирээгүй.

               2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн музейн үзмэр, үзүүллэг, сан хөмрөгийг хүлээлгэн өгч, бүртгэл хийх, ажлын хэсгийн гишүүдэд тусгайлан өрөө гарган өгч ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөх, дээрх хугацаанд ажлыг эхлүүлээгүй тохиолдолд соёлын өвийг устгаж үрэгдүүлсэн байна гэж үзэхээс өөр аргагүй гэж үзэж байгаа талаар албан бичиг явуулсан.  

       2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Төрийн Өмчийн Хорооноос Монгол Улсын Нийслэлийн Шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Шүүхийн магадлалыг дахин хянуулах тухай хүсэлтийг гаргаад байна.

Та бүхэн ССАЖЯ-тай холбоотой мэдээ мэдээллийг:

http://www.mcst.gov.mnцахим хаягаар болон хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчулуунтай холбогдон авч болно. Электрон шуудан erdenechuluun@mcst.gov.mn, Харилцах утас: +976-11-310068, 88008075,

Сэтгэгдэл