Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Улсын Их Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршино. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүллээ.

НЭГ.ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ОНЦГОЙ БОДЛОГО

Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтална.

1.1.Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулна.

1.2.Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

1.3.Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлнэ.

1.4.Төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.

1.5.Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг үр дүнтэй, ард иргэдэд нээлттэй, ил тод болгоно.

1.6.Ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргаж, иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжин орлогыг нэмэгдүүлнэ.

1.7.Төрөөс захиалгаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсөө авч чадахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг барагдуулна.

1.8.Өр зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийж, улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна.

1.9.“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалтад үнэлэлт, дүгнэлт өгч, үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

1.10.Хөгжлийн банкны бонд, зээлийн зарцуулалтыг дүгнэж, төсөл, хөтөлбөрт үнэлгээ хийж, зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлнэ.

1.11.Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулна.

1.12.Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг орлогын түвшингээс хамаарсан шатлалтай болгоно.

1.13.Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1.14.Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1.15.Эрх бүхий байгууллагуудаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд тавигдсан татварын актын хүү, торгууль, алданги, үндсэн татварын нөхөн төлбөр төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нь нээх зэргээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

1.16.Эдийн засгийн хүндрэлээс улбаалан ажил, орлого нь хумигдан, зээлээ төлж чадахгүйд хүрч, “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно.

1.17.5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон хөнгөн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ.

1.18.Төрийн үйлчилгээний шимтгэл, төлбөрийн хэмжээг бууруулна.

1.19.Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.

1.20.Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

1.21.Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг сэргээн зохион байгуулна.

1.22.Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ.

1.23.“Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

1.24.“Эрдэнэс Монгол” компани болон Оюутолгой төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Тавантолгой, стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

ХОЁР.ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО

Макро тэнцвэрийг бататгасан олон тулгуурт дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн, тогтвортой эдийн засгийг бий болгон Монгол Улсын үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орнуудын эгнээнд буцаан оруулна.

2.1.Монгол Улсын Үйлдвэржилтийн газрын зургийг гаргаж, хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.2.Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжинэ.

2.3.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно.

2.4.Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрд хүртээмжтэй байлгах бололцоог бүрдүүлнэ.

2.5.Томоохон төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.6.Иргэндээ ээлтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ.

2.7.Стандартчилал, хэмжил зүйн талаархи хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

2.8.Бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно.

2.9.Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгаж, аажмаар бууруулах бодлого баримтална.

2.10.Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.

2.11.Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана.

2.12.Зах зээл дэх шударга өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчинг сайжруулна.

2.13.Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ.

2.14.Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр, эсхүл нэг цэгт үзүүлж, чирэгдлийг багасгана.

2.15.“Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.

2.16.Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэгжүүлнэ.

2.17.Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, “ҮЙЛДВЭРЖИЛТИЙН 21:100” хөтөлбөр, “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөр, “МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ыг шинээр эхлүүлж, “АТРЫН-III АЯН”-ыг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр:

2.18.Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.

2.19.Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.

2.20.Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.

2.21.Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.

2.22.Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгоно.

2.23.Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.

2.24.Дотоодын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Мал аж ахуйн чиглэлээр:

2.25.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх, түүнчлэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

2.26.“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол малчин”, “Малжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.27.Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

2.28.Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаархи олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх, “Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.29.Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, даатгал, татварын уян хатан бодлогоор дэмжих, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад ирж байгаа хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангана.

2.30.Малыг бүртгэлжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлнэ.

2.31.Малчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдэх арга хэмжээ авна.

2.32.Мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, үйл ажиллагааны шуурхай, нэгдмэл байдлыг ханган, мал, амьтны гоц халдварт, халдварт зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хяналтад авах, тэмцэх стратегийг хилийн боомтуудыг түшиглэн бүсчлэн хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлнэ.

2.33.Малын тоог чанарт шилжүүлж ашиг шим, хүртээмжийг сайжруулах, генетикийн нөөцийг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, шинэ үүлдэр, омгийг бий болгох, орон нутгийн мал үржлийн нэгжүүдийг чадавхжуулна.

2.34.Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлнэ.

2.35.Хөдөөгийн хүн ам болон мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрт худаг, хөв цөөрөм барьж байгуулан ашиглалт, хяналтыг сайжруулна.

2.36.Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах, доройтол, талхагдал, цөлжилтийг бууруулах, бэлчээрт хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэхэд малчдын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчинд халгүй, дэвшилтэт аргыг ашиглана.

2.37.Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн Малын генетик нөөцийн тухай, Бэлчээр хамгаалах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийг тус тус боловсруулан батлуулж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.

2.38.Мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, малын тоо, төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, эрчимжсэн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“АТРЫН-III аян”-ыг үргэлжлүүлэх хүрээнд:

2.39.Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.

2.40.Жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

2.41.Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ.

2.42.Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

2.43.Усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ.

2.44.Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана.

2.45.Газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжинэ.

2.46.Зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2.47.Тариалангийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөрийн хүрээнд:

2.48.Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ.

2.49.Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2.50.Хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

2.51.Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, түүхий эдийн санг бий болгоно.

2.52.Олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэхийг дэмжинэ.

2.53.Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлж “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.54.Хөнгөн үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах мэдээллийн болон инкубатор төвийг тухайн салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулахыг дэмжинэ.

2.55.Гадаад орны өндөр болон дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг франчайзаар оруулж нутагшуулан, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарт “Хөгжлийн загвар” үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

2.56.Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх, дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг Монгол Улсад тогтмол зохион байгуулж, гадаад оронд зохион байгуулагдаж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг дэмжиж хамруулна.

2.57.Хөнгөн үйлдвэрийн парк байгуулж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэн бодлогоор дэмжинэ.

2.58.Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг боловсронгуй болгоно.

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдсийн зах зээл дэх Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

2.59.Монгол орны геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн судалгааны ажлын хэмжээг нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжинэ.

2.60.Олон улсын жишгийн дагуу Үндэсний геологийн алба, Үндэсний геомэдээллийн санг байгуулан, мэдээлэл түгээх үйлчилгээг хялбаршуулна.

2.61.Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.

2.62.Уул уурхайн үйлдвэрлэл дэх төрийн оролцоог зохистой хэмжээнд байлгаж, Кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгож, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг хөнгөн шуурхай болгоно.

2.63.Газрын тосны болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөнө.

2.64.“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.1.2-т заасан иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг хэрэгжүүлэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

2.65.Уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн урт хугацааны төлөвлөлт боловсруулж, салбар хоорондын уялдааг сайжруулна.

2.66.Уул уурхайн судалгааны нэгж байгуулж, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгоно.

2.67.Хоёрдогч ашигт малтмал ашиглах эрх зүйн орчинг бий болгож, уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэнэ.

2.68.“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэнэ.

2.69.Алтны олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2.70.Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.

2.71.Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг дэмжиж ажиллана.

2.72.Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.73.Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжинэ.

2.74.Шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах ажлыг бодлогоор дэмжинэ.

2.75.Метал хийц, угсралтын үйлдвэрийг хөгжүүлнэ.

Дэд бүтцийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.

2.80.Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.81.Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.82.Норм, нормативын баримт бичгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, олон улсын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх орчинг бүрдүүлнэ.

2.83.Монгол Улсын хүн амын нутагши

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР