"Монгол уран бүтээл" үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2014 оны 252 дугаар
            тогтоолын хавсралт


“МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулахаар зорилт дэвшүүлсэн. Мөн “Монгол уран бүтээл”-ийн талаар Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”,  “Үндэсний түүх, хэл, соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” болохыг тунхаглаж, телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй хувийг  үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-аар бодлогын баримт бичиг тус тус батлагдсан.

Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголын нийт иргэд, олон нийт боломжит бүх сувгаар мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон боловч мэдээллийн дотор үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан, монголын түүх, соёлын холбогдолтой бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд, залуучуудын төлөвшил, хүмүүжил, монголын соёлын үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байна.

Сүүлийн үед үзвэр үйлчилгээ, өргөн нэвтрүүлгийн бодлого, ном, хэвлэлийн агуулгын асуудлаар иргэд, олон нийт шүүмжлэл өрнүүлж, үндэсний уран бүтээлийн хувийг нэмэгдүүлэх талаар шаардлага тавих болсон.

Ялангуяа телевиз, радио, кабелийн суваг, цахим орчинд залуучуудын хүлээн авч байгаа уран сайхны хөтөлбөрийн дийлэнх хувь нь гадаадын уран бүтээл болоод байгаа нь үндэсний соёлын бодлогод сөрөг нөлөө үзүүлж байна.

Соёлын өрсөлдөөн идэвхжиж байгаа даяаршлын өнөө цаг үед  аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт соёлоо хамгаалах, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяаршихын тулд монголын түүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр цахим орчин дахь агуулга, мэдээ мэдээллийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Иймээс “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг батлан гаргах шаардлагатай болсон юм.


Хоёр. “Монгол уран бүтээл”-ийг 2025 он хүртэл
           хэрэгжүүлэх үндсэн зорилго

Монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх замаар хойч үедээ уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэн уламжлуулах, өв соёлоо хадгалж, хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, дэлхийн зах зээлд үндэсний соёлыг сурталчлах, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.

Гурав. Хөтөлбөрийн стратегийн зорилтууд

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд доорх зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1. Үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх;

3.2. Уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахим орчин дахь үндэсний уран бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэх;

3.3. Монгол ардын уламжлалт болон дахин давтагдашгүй үндэсний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын биет бус өвийг цахим орчноос суралцах боломжийг бүрдүүлэх;

3.4. Үндэсний агуулгатай уран бүтээлийн урын санг баяжуулах, архив болон хувь хүнд хадгалагдаж байгаа монгол уран бүтээлийг сэргээн ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулж, цахим уран бүтээлийн хадгалалтын нэгжийг бүрдүүлэх, дэмжих.

Дөрөв . Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим

4.1. Хөтөлбөрийн зорилго бодитой, хэмжигдэхүйц, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх;

4.2. Мэргэжлийн уран бүтээлч, судлаач, иргэд, талуудын оролцоо, эрэлт хэрэгцээг хангасан байх;

4.3. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, иргэд, олон нийтийн санал санаачилга, оролцоонд тулгуурласан байх;

4.4. Оюуны өмчийн талаарх хууль тогтоомжид нийцсэн байх.

Тав. Стратегийн зорилтуудын хүрээнд
хэрэгжүүлэх арга хэмжээ

5.1. Нэгдүгээр зорилтын хүрээнд үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлнэ.


      5.1.1. дараах шинэ уран бүтээл болон төсөл хөтөлбөрийг ашгийн бус зорилгоор дэмжиж, уралдаант шалгаруулалтын зарчмаар дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

          -үндэсний уламжлал, монгол домог,  зан заншлыг харуулсан хүүхэлдэйн кино;

          -хүүхэд, залуучуудад зориулсан телевизийн олон ангит уран сайхны кино;

          -түүхэн сэдэвт бүрэн хэмжээний телевизийн олон ангит уран сайхны кино;

          -монгол Улсын байгаль газар зүй, түүх соёл, ёс уламжлал, зан заншлын тухай телевизийн баримтат кино болон уран сайхны нэвтрүүлэг;

          -соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын болон өв соёлын талаар хийсэн баримтат кино, нэвтрүүлэг, цуврал хөтөлбөр;

          -хүүхдэд зориулсан телевизийн жүжиг, зохиомж;

          -телевизийн хүүхэлдэйн жүжиг;

          -үндэсний дуурь, балет, драмын жүжиг, концертыг телевизийн бүтээл болгон бичүүлэх.

     5.1.2. радио, телевизэд зориулсан үндэсний уран бүтээл болон төсөл хөтөлбөрийг ашгийн бус зорилгоор дэмжинэ. Үүнд:

          -төрөл бүрийн найрал хөгжмийн шинэ уран бүтээл (үндэсний, симфони, үлээвэр найрал);

          -гоцлол болон цөөхүүл хөгжмийн шинэ уран бүтээл буюу найруулга;

          -үндэсний уламжлалт болон орчин цагийн шинэ дууны бичлэг, найруулга;

          -сонсдог ном, радио жүжиг;

          -хүүхдэд зориулсан үлгэр, жүжиг, хөгжим, дууны нэвтрүүлэг;

      -монгол үндэсний ерөөл магтаал, зүйр цэцэн үг, түргэн хэллэг, дайралцаан, хэлц үг, оньсого таалцах тоглоом зэрэг аман цэц билгийн өв санг түгээн дэлгэрүүлэх уран сайхны хөтөлбөр;

          -радиогийн олон ангит туульс, домгийн цаг;

          -гадаад хэл дээр нэвтрүүлэх монгол үндэсний уран сайхны нэвтрүүлэг.

5.1.3.  Дараах шинэ уран бүтээл болон төсөл хөтөлбөрийг тодорхой хувийг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжиж санхүүжилт олгоно:

          -бүрэн хэмжээний уран сайхны кино;

          -бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино;

          -хүүхэд, залууст зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино;

          -бүрэн хэмжээний баримтат-уран сайхны кино.

5.2. Хоёрдугаар зорилтын хүрээнд уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, цахим орчин дахь үндэсний уран бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлнэ.

      5.2.1. цахим орчин дахь үндэсний уран бүтээлийг дэмжих үйл ажиллагаа нь ашгийн бус болон эргэн төлөгдөх нөхцөлтэй гэсэн хоёр хэлбэртэй байна.

      5.2.2. цахим орчинд уран бүтээлийг хувиргах, зах зээлд нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрх, уран бүтээлчийн хууль ёсны эрхийг хүндэтгэж, зөвхөн тэдний зөвшөөрөлд үндэслэн дэмжлэг үзүүлнэ.

      5.2.3. энэ зүйлийн 5.2.2-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд дараах үйл ажиллагаанд ашгийн бус зорилготой дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

          -өмчлөгч, зохиогч нь хөгжмийн бичлэг, фонограм, видео бичлэгээ цахим зах зээлд байрлуулахад шаардагдах хувиргалт, гэрээ эрхийн зардлын дэмжлэг;

          -уран бүтээлчийн зөвшөөрлөөр уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах үйл ажиллагаа;

          -урлагийн бүтээлийг үүсмэл эхээр нь зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр ашиглах компьютер программ;

          -цахим орчинд соёл, урлагийн бүтээл, соёлын биет бус өвийг үндэсний уран бүтээлчдэд болон өвлөн уламжлагчдад ашигтай хувилбараар түгээх.

      5.2.4. цахим орчинд зориулсан үндэсний уран бүтээлтэй холбогдох дараах үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжинэ. Үүнд:

          -дэлхийн хөгжмийн цахим зах зээлд зориулсан хувиргалт, гэрээ хийхэд шаардагдах зардалд дэмжлэг үзүүлэх;

          -цахим кино зах зээлд зориулан киноны уран бүтээлийг хувиргах, түгээлтийн гэрээ хийхэд шаардагдах зардалд дэмжлэг үзүүлэх;

          -цахим номын зах зээлд зориулсан уншдаг болон сонсдог номын хувиргалт болон түгээлтийн гэрээ хийхэд шаардагдах зардалд дэмжлэг үзүүлэх.

5.3. Гуравдугаар зорилтын хүрээнд үндэсний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын биет бус өвийг залуу үеийнхэн цахим орчноос суралцах боломжийг нэмэгдүүлнэ.

      5.3.1. дахин давтагдашгүй уран бүтээлүүдийг сэргээх, үлгэр, туульс, уран зохиол, хөгжмийн зохиолын тэмдэглэл, нот, гар бичмэлийг  зохих хууль тогтоомжийн дагуу зохиогч болон өв залгамжлагчтай хийсэн гэрээг үндэслэн,  цахим хэлбэрт оруулж нийтийн хүртээл болгох;

      5.3.2. телевиз, радиод хадгалагдаж байгаа кино, хүүхэлдэйн кино, жүжиг, концерт, теле-жүжиг, радиогийн жүжиг, уран бүтээлийн бичлэг, хальсны эхийг эзэмшигч, хадгалан хамгаалагч байгууллагатай нь хамтран түүнийг сэргээх, эдийн засгийн эргэлтэд оруулах;

      5.3.3. уртын болон богино дуу, туульс зэрэг ардын язгуур урлагийг залуу үеийнхэнд цахим орчинд зааж сургахад зориулсан сургалтын эх бэлтгэх, язгуур урлагийн сан бий болгох ажлыг дэмжих.

5.4. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд үндэсний уран бүтээлийн урын санг баяжуулах ажлыг гүйцэтгэх, архивт болон хувь хүнд хадгалагдаж байгаа монгол уран бүтээлийг сэргээн ашиглах, хадгалалтыг сайжруулж цахим уран бүтээлийн хадгалалтын нэгжүүдийг бүрдүүлж, дэмжинэ.

       5.4.1. төрийн өмчийн архив болон байгууллага, хувь хүнд хадгалагдаж байгаа монгол уран бүтээлийг сэргээн ашиглах, эргэлтэд оруулахад туслах зорилгоор уран бүтээлийн архив, хадгаламжийн нэгж, санг бий болгох ажлыг дэмжих;

      5.4.2. дуу, дүрс сэргээн засварлах программ, кино хальс (сканнер) буулгах төхөөрөмж, стандарт бүхий агааржуулалт, дуу шингээлтийн шийдэлтэй танхим, архивын хадгалалт (сервер) тоноглож тохижуулах ажлыг дэмжих.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,
     зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд стратеги, удирдлага төлөвлөлтөөр хангах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэх үүргийг соёлын асуудал эрхэлсэн сайдын томилсон комисс гүйцэтгэнэ.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн ажлын хэсгийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн зорилт тус бүрийн хүрээнд байгуулан хэрэгжүүлнэ.

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оюуны өмчийн болон  мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн дэмжлэг оролцоог тусгасан байна.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг 2015-2025 онд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

     -улсын болон орон нутгийн төсөв;

     -соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгө;

     -гадаад орон, олон улсын байгууллагын хандивын хөрөнгө;

     -аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;

     -төрийн дэмжлэгээр туурвисан уран бүтээлээс гэрээгээр тогтоосон хэмжээний эргэн төлөгдөх орлого;

     -бусад эх үүсвэр.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улсын төсвөөс жил бүр           10,0 тэрбумаас доошгүй төрөгийн санхүүжилт хийнэ.

Найм.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт,
             үнэлгээний шалгуур үзүүлэлт

8.1. “Монгол уран бүтээл” төслийн уралдаанд шалгарч, хэрэгжсэн төслийн тоо, хэрэгжилтийн чанар байдал;

8.2. Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаа, сурталчилгааны ажлын нэр төрөл, тоо, чанар;

8.3. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, судлаачид, уран бүтээлчдийн оролцооны өсөлт, хөтөлбөрт хамрагдсан үзэгч, уншигч, сонсогч, хэрэглэгчдийн тоо;

8.4. Хөтөлбөрийн хүрээнд дотоод болон гадаадад бүтээгдсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, үндэсний уран бүтээлийн тоо, чанар;

8.5. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн шүүмж судлаач, шинжээчийн хийсэн үнэлгээ, дүгнэлт;

8.6.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд гадаад улс орнуудад монгол агуулгатай урлагийн бүтээлийг түгээсэн байдал, тэдгээрийн хүртээмж, үр ашиг;

8.7.  Соёл, урлаг хөгжүүлэх санд оруулсан орлогын хэмжээ.

Ес. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, тайлагнах тогтолцоо

9.1. “Монгол уран бүтээл” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэдээллийн хэрэгслээр түгээх үндэсний уран бүтээлийн эзлэх хувь нэмэгдэж, шинэ болон сэргээн ашигласан уран бүтээлээр урын сан баяжсан байна.

9.2. Үндэсний уран бүтээлийн цахим нэгжийн тоо баяжиж, 10 жилийн хугацаанд давтамжгүйгээр эргэлтэд орох цахим хадгалалтын сан өргөжинө.

9.3. Цахим орчин дахь үндэсний уран бүтээлийн эзлэх хувь хэмжээ, эрэлт хэрэгцээ, сурталчилгаа нэмэгдэнэ.

9.4. Олон улсын уралдаан, наадамд монгол уран бүтээлчид оролцоход нь төрөөс дэмжих санхүүгийн боломж бүрдэнэ.

9.5. Төрийн дэмжлэгтэйгээр туурвисан монгол уран бүтээлээс олсон орлогын гэрээгээр тогтоосон хэсгийг Соёл, урлаг хөгжүүлэх санд төвлөрүүлж, 2024 оноос Соёл, урлагийг тогтвортой хөгжүүлэх, үндэсний уран бүтээлийг тогтвортой дэмжих санхүүгийн эх үүсвэр бүрдсэн байна.

 

---оОо---

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР