• Нүүр хуудас
  • /
  • Сонгодог урлагийг дэмжих Сонгодог урлаг хөтөлбөр

Сонгодог урлагийг дэмжих Сонгодог урлаг хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН
ГАЗРЫН ТОГТООЛ

 

2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр.                                     Дугаар 266                                                      Улаанбаатар хот

 

Хөтөлбөр батлах тухай

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сонгодог урлагийг дэмжих “Сонгодог урлаг” хөтөлбөрийг нэгдүгээр, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
Монгол улсад дэлхийн сонгодог урлаг XX зууны эхнээс үндсэн сууриа тавин хөгжиж ирсэн боловч зах зээлийн тогтолцооны шилжилтийн үед сонгодог урлагийн хөгжлийг эрчимжүүлэх, шинэ уран бүтээл туурвих, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд төрийн цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна.

Сонгодог урлагийг дэмжих хүрээнд манай улсад үндэсний соёлын өвийг дэлхийн соёлын ололттой хослуулан, уран бүтээлийн чанар, хүн амын соёлын түвшинг дээшлүүлэн, ялангуяа хүүхэд залуучуудад гоо сайхны хүмүүжил олгох, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх асуудлыг тусгасан хөтөлбөр боловсруулах нь чухал юм.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд 

2.1. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой хослуулан хөгжүүлэх нөхцөл бололцоог хангах талаар тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх, хүн амын гоо зүйн хүмүүжил мэдлэгийг төлөвшүүлэх, шинэ уран бүтээл туурвиж урын сангаа баяжуулан дэлхийн болон өрнө дорнын сонгодог урлагийн хөгжлийн түвшинд хүргэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилтууд

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж байна:

2.2.1. Сонгодог урлагийг төрийн ивээлд авч, үйл ажиллагааг нь дэмжих, үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой хослуулан уран бүтээлийн чанарыг дээшлүүлэн хөгжүүлэх;

2.2.2. Сонгодог урлагийг сурталчлах, мэргэжлийн жүжигчдийн ур чадварыг дээшлүүлж, гадаад орны мэргэжил нэгт уран бүтээлчдээс суралцах, дэлхийн сонгодог уран бүтээлийг эзэмшиж авъяасаа хөгжүүлэх зорилгоор сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах;

2.2.3. Сонгодог урлагийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, сонгодог урлагийг иргэдийн хүртээл болгох;

2.2.4. Сонгодог дуурь, бүжгийн жүжиг, хөгжмийн бүтээл, концертын талаархи бүртгэл-мэдээлэл, аудио, видео санг бүрдүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг боловсронгуй болгох:

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам 

3.1. Хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

• сонгодог урлагийг улсаас санхүүжүүлж, урын санг нь баяжуулах, сонгодог урлагийн уран бүтээлчдийн хөдөлмөр, авъяас чадварыг үнэлэх;
• сонгодог урлагийн нарийн мэргэжлийн зайлшгүй шаардлагатай уран бүтээлч, мэргэжилтэнг өндөр хөгжилтэй орнуудад төлөвлөгөөний үндсэн дээр бэлтгэх, мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах;
• сонгодог урлагийг дэмждэг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, сурталчлах;
• жүжигчдийн сургуулилт, дасгалын тусгай зориулалт бүхий хувцас, каски, хөгжмийн зэмсэг бусад эд зүйлсийг шинэчлэх, сургалтанд зориулсан нот бичлэг хийхэд шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж санхүүжүүлэх;

3.2. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

• сонгодог урлагийн жүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүжгийн жүжиг, сонгодог жүжиг, хөгжмийн олон улсын уралдаан, тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулах, тэдгээрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох;
• сонгодог урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг гадаад оронд зохиогддог дэлхийн болон тив, олон улсын уралдаан, тэмцээнд оролцоход мэргэжлийн болон зохион байгуулалтын туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
• сонгодог урлагийг сурталчилж хүн амын гоо зүйн мэдлэг, хүмүүжлийн түвшинг дээшлүүлэх, орон нутгийн театр, чуулгыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах;

3.3. Хөтөлбөрийн үйл ажиллагааны гуравдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

• бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт сонгодог урлагийн талаар зохих мэдлэгтэй болгоход чиглэгдсэн асуудлуудыг тусгах;
• сонгодог уран бүтээлийг сурталчлах ажлыг ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж, үзвэрийн график гарган зохицуулах;
• гадаад орны нарийн мэргэжлийн багш, мэргэжилтэнг урьж мэргэжлийн сургуулиудад сургалт явуулах;
• сонгодог урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их сургууль, коллежийн сургалтын материаллаг баазыг шинэчлэх, сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх;
• мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрт тэтгэвэр тогтоолгосон уран бүтээлчдийг ерөнхий боловсролын сургуулиудад дуу хөгжим, урлагийн түүхийн багшаар ажиллуулах талаар арга хэмжээ авах;

3.4. Хөтөлбөрийн үйл ажиллагааны дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

• сонгодог бүтээлийн хувцас, тайз, бичлэг, дарамж (клавир), удирдбар (партитура)-ыг хадгалж хамгаалан, санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
• сонгодог бүтээлийг нийтлэх, хэвлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
• радио, телевикийн хөтөлбөр, нэврүүлгийн төлөвлөгөөнд дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүдийг оруулж, улсын сан хөмрөг, фондод хадгалж үлдээх;
• гадаад орнуудад өөрийн орны сонгодог бүтээлүүдийг сурталчилах, айлчлан тоглолт хийх, гадаадын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах;
• дэлхийн соёлын үнэт өв сонгодог урлагийн талаархи сурталчилгааг өргөжүүлэх, түүнтэй уялдсан арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах.

3.5. Хөтөлбөрийн үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ:

Засгийн газар

• хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нягт уялдуулах;
• хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
• хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвхи санаачлагыг дэмжих.

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:

• хүн төрөлхтний соёлын үнэт өв сонгодог урлагийн түүх, уламжлал, урлагийн бүтээлийг туурвиж иргэдэд хүргэх зорилгоор тэдгээрийг судлан сурталчлах, өвлөн уламжлуулах, бүтээн туурвих, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
• хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
• Сонгодог урлагийг хагжүүлэх стратегийг тодорхойлж, түүнийг үе шаттай хэрэгжүүлэх, сонгодог урлагийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх асуудлыг зохицуулах;
• Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, сонгодог урлагийг дэмжих сонирхогчдын нэгдэл, холбоо, авъяастнуудтай хамтран ажиллах;
• Сонгодог урлагийг дэмжих үр дүнтэй ажил зохион байгуулдаг хамтлаг, нэгдэл, холбоо, авъяастнуудыг урамшуулан дэмжих;
• хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бусад байгууллагуудаас зохиож байгаа ажилд идэвхитэй оролцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх

Төрийн захиргааны орон нутгийн байгууллагууд:

• хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
• хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллага /орон нутгийн хэвлэл, мэдээлэл, соёл, боловсрол, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж/, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж удирдлагаар хангаж ажиллах;

Хэвлэл, мэдээллийн байгууллагууд:

• сонгодог урлагтай холбогдох нийтлэл, сурталчилгаа, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн чанарыг джжшлүүлж, арга хэлбэрийг боловсронгуй болгох;
• сонгодог урлагийн уран бүтээлч, авъяастныг дэмжин, тэдний бүтээл, авъяас чадварыг нийтэд сурталчлах.


Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт 

4.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах үүргийг зөвлөл эрхэлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батлана.
4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүргийг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харъяа болон холбогдох байгуулагуудын оролцоотойгоор гүйцэтгэнэ.

4.3. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг аймгийн Боловсрол соёлын төв, нийслэлийн соёлын газар, сонгодог урлагийн талаар сургалт, сурталчилгаа явуулах үүргийг мэргэжлийн урлагийн байгууллагууд эрхлэн гүйцэтгэнэ.

4.4. “Сонгодог урлаг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөл нь ажлаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан жилээр төлөвлөн хэрэгжүүлж, жил бүрийн 4 дүгээр улиралд Засгийн газарт тайлагнаж байна.

4.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
а/ Монгол Улсын соёл, урлагийн талаар гаргасан хууль, тогтоомж болон стратегийн баримт бичиг, Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нийцүүлэх;
б/ боловсрол, соёл, урлаг, хүүхдийн байгууллагуудын сургалт болон гоо зүйн хүмүүжлийн үйл ажиллагаагаар дамжуулан сонгодог урлагийг сурталчлах чиглэлээр зохион байгуулах ажлын арга барил, уялдаа холбоог шинэчлэх;

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 

Хөтөлбөрийг 2002-2008 онд хэрэгжүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт 

Хөтөлбөрийн хүрээнл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дарааахь гурван үндсэн хэсэгт хуваан төлөвлөнө:
-Улсын хэмжээнд сонгодог урлагийн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчдийн дунд уралдаан, наадам зохион байнуулах;
-дэлхийн шилдэг дуурь симфони бүжгэн жүжгийг найруулан тавих;
-гадаад орны мэргэжил нэгт уран бүтээлчидтэй хамтран тоглож, олон улсын тэмцээн, уралдаанд оролцож, сонгодог урлагийн сурталчилгааг өргөжүүлэх;

Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн санхүүжилтийг Соёл, урлагийн сангаар дамжуулан санхүүжүүлнэ. Сонгодог урлагийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

• улсын төвлөрсөн төсөв;
• соёл, урлагийг дэмжих тусгай зориулалт бүхий сан;
• гадаад орон болон олон улсын байгууллагын хөрөнгө;
• дотоод, гадаадын байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгө.

Найм. Хөтөлбөрийн үр дүн 

1.Уран бүтээлчдийн сонгодог уран бүтээл туурвих, ур чадвар өсч, нийт хүн амын сонгодог урлагийн талаархи мэдлэг дээшилнэ.

2. Сонгодог урлагийн урын сан баяжиж, дэлхийн сонгодог урлагийн хөгжлийн түвшинд хүрнэ.

3. Сонгодог урлагийг хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн тогтолцоо бүрдэж сонгодог урлагийг дэмжих дотоод, гадаадын байгууллага, хамт олны тоо өсч түүнд чиглэсэн тусламж дэмжлэг нэмэгдэнэ.

4. Сонгодог урлагийн төрлүүд болон олон улсын уралдаан, тэмцээнд оролцох оролцоонэмэгдэн, өөрийн оронд зохион байгуулах арга хэмжээний зохион байгуулалт боловсронгуй болно.

5. Сонгодог урлагийг хөгжүүлэх, сурталчлах ажлын зохицуулалт боловсронгуй болно.




 

Монгол улсын Засгийн газрын
2001 оны 266 дугаар тогтоолын
гуравдугаар хавсралт


 

“СОНГОДОГ УРЛАГ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ 
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Дарга: -Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
Гишүүд: -Санхүү, эдийн засгийн яамны дэд сайд
-Гадаад хэргийн яамны дэд сайд
-Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга
-БСШУ-ны яамны СУБЗГ-ын дарга
-Соёл, урлагийн сангийн гүйцэтгэх захирал
-Нийслэлийн ЗД-ын дэргэдэх соёлын газрын дарга
-Сонгодог урлагийн академик театрын дарга
-Улсын филармонийн дарга
-Үндэсний жүжгийн академик театрын дарга
-СУИС-ийн захирал
-ХБК-ийн захирал
-Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал
-МУАНХХорооны дарга /тохиролцсоноор/
-Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны
дарга /тохиролцсоноор/

Нарийн бичгийн дарга: -БСШУ-ны яамны СУБЗ-ын газрын театр, дүрслэх
урлагийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР